
Өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар тэтгэврийн тогтолцоонд томоохон шинэчлэл хийгдэж байна. Тодруулбал, анх удаа иргэд олон эх үүсвэрээс буюу олон давхаргаас тэтгэвэр авах эрх зүйн боломж бүрдэж байгаа юм.
Шинэ зохицуулалтын хүрээнд тэтгэврийн тогтолцоо дараах гурван үндсэн хэсэгтэй болж байна. Үүнд:
-
Суурь тэтгэвэр: Өмнө нь зөвхөн даатгуулагчдын төлсөн шимтгэлээр сан бүрдэж, тэтгэвэр олгож байсан бол одоо улсын төсвөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр ахмад настнуудад ажилласан жил, төлсөн шимтгэлтэй нь уялдуулан 100-300 мянган төгрөгийн нэмэгдэл олгох боломж бүрдэж байна.
-
Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэвэр: Одоогийн мөрдөж буй тогтолцоо хэвээр үргэлжилнэ.
-
Хувийн нэмэлт тэтгэвэр: Иргэд өөрсдөө сайн дурын байдлаар хуримтлал үүсгэж, ирээдүйн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно.
Мөн хуульд ажил олгогч, ажилтанд чиглэсэн хэд хэдэн дэмжлэгийн зохицуулалт тусгагджээ. Тухайлбал, албан бус салбарт ажиллаж буй иргэдийг нийгмийн даатгалд хамруулах зорилгоор анх удаа шимтгэл төлж эхэлж буй иргэний нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд чөлөөлөхөөр болсон байна.
Түүнчлэн оюутан залуусын хувьд шимтгэлийн дарамтыг бууруулах шинэ зохицуулалт оржээ. 15-24 насны дэд бакалавр, бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд цагийн ажил хийх үедээ нийгмийн даатгалын бүх төрлийн шимтгэл төлөх шаардлагагүй болж, зөвхөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийг ажил олгогч хариуцан төлөхөөр хуульчилсан байна. Харин оюутан өөрийн хүсэлтээр бусад шимтгэлийг төлөх эсэхээ шийдэх боломжтой.
Ийнхүү шинэчлэл нь иргэдийн ирээдүйн тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах, мөн залуус болон албан бус салбарт ажиллагсдыг илүү уян хатан нөхцөлөөр даатгалд хамруулахад чиглэж байна.
Видео үзэх холбоос:









