
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн ажилтны тухай хууль”-ийг УИХ-д өргөн мэдүүллээ.
Хуулийн төслийн зорилго нь эрүүл мэндийн ажилтны эрх зүйн байдлыг бие даасан байдлаар тодорхойлж, тэдний мэргэжлийн үйл ажиллагааг аюулгүй, тасралтгүй, хараат бус хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагын зохистой тогтолцоог бүрдүүлэх замаар иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд оршино. Төсөл нь улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэн зэрэг эмнэлгийн мэргэжилтэн болон байгууллагын үйл ажиллагааг дэмжих чиг үүрэг бүхий бусад ажилтны эрх зүйн байдлыг хамруулна.

Хуулийн төсөл нь эрүүл мэндийн ажилтны хүний нөөцийн төлөвлөлт, бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо, үнэлгээ, тайлагнал, байгууллагын түвшний ажиллах орчны аюулгүй байдал, ажлын ачааллыг зохистой түвшинд барих, эрсдэлийн үнэлгээ, хамгаалах хэрэгсэл, сургалтын дэмжлэг зэрэг зохицуулалтыг тусгаж, хот хөдөөгийн хүний нөөцийн тэнцвэргүй байдлыг бодлогын болон зохион байгуулалтын арга хэрэгслээр даван туулах эрх зүйн үндэс бүрдүүлэхийг зорьсон. Мөн эрүүл мэндийн ажилтны нийтлэг эрх, үүрэг, нийгмийн баталгааг тодорхойлж, ажлын онцлог нөхцөлд нийцсэн дэмжлэг, хамгаалалтын механизмыг цогцоор нь тусгасан. Үүний зэрэгцээ эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалт, зөвшөөрлийн тогтолцоо, төгсөлтийн дараах болон тасралтгүй сургалтын эрх зүйн үндэс, мэргэжлийн стандарт, ёс зүйн шаардлагыг тодорхой болгож, ур чадварын баталгаа ба хариуцлагын тодорхой байдал харилцан уялдсан тогтолцоог бүрдүүлэхээр зорьсон.
Өнөөдрийн байдлаар улс орон даяар 4914 гаруй эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж, 69.7 мянга орчим эрүүл мэндийн ажилтан хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд ажиллаж байгаа хэдий ч тоон үзүүлэлтээс үл хамааран хүртээмж, жигд хуваарилалт, тогтвортой ажиллах нөхцөл, мэргэжлийн хөгжлийн бодит баталгаа нь салбарын үр ашиг, үйлчилгээний чанарт шууд нөлөөлж байна. Иймээс эрүүл мэндийн ажилтны эрх зүйн байдлыг бие даасан хуульд цогцоор нь зохицуулж, хүний нөөцийн төлөвлөлт, менежмент, ажлын байрны аюулгүй байдал, мэргэжлийн ур чадварын баталгаа, ёс зүй, өөрөө удирдах байгууллага, мэргэжлийн хариуцлагын даатгал, маргаан шийдвэрлэх дэг журам зэрэг институцийн зохицуулалтыг нэг мөр ойлгомжтой болгох хэрэгцээ шаардлага үүссэн болно. Энэхүү хэрэгцээ нь салбарын шинэчлэлийн зорилт, хүний нөөцийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх бодлоготой уялдахын зэрэгцээ эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах үндсэн зорилготой шууд холбоотой юм.
Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрх, аюулгүй орчинд ажиллах эрх, нийгмийн хамгаалалд хамрагдах эрх, хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах зарчим, мөн иргэн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг бодитой хангахад чиглэсэн тул Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчимтай нийцнэ. Төслийг баталсантай холбогдуулан Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль зэрэг салбарын бусад хууль тогтоомжтой уялдуулан зохицуулалтыг нийцүүлэх, маргаан ба хариуцлагын зохицуулалттай уялдуулан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, шаардлагатай тохиолдолд Эрүүгийн хууль болон холбогдох процессын хуульд тодорхой нэмэлт, өөрчлөлт хийх, мөн дагалдах журам, маргаан шийдвэрлэх дүрэм, даатгалын нөхцөл, шалгуур зэрэг хэрэгжилтийн баримт бичгийг үе шаттай боловсруулж батлах шаардлага үүснэ.
Ингэснээр эрүүл мэндийн ажилтны эрх зүйн хамгаалал, мэргэжлийн хариуцлага, эрсдэлийн удирдлага, маргаан шийдвэрлэлт нь нэг цогц тогтолцоо болон бүрэлдэж, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн тогтвортой байдал сайжрах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал дээшлэх, иргэн, үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхол илүү үр нөлөөтэй хамгаалагдах эрх зүйн орчин бүрдэх юм.









