
Үндэсний их баяр наадмын зохион байгуулалт, бөхийн барилдаантай холбоотой асуудлаар Улсын аварга С.Мөнхбат байр сууриа илэрхийллээ. Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдуулахаар төлөвлөсөнтэй холбоотойгоор нэг, хоёрын даваанд давсан бөхчүүд есөн хөлт цагаан тугаа тойрох боломжгүй болж буйд залуу бөхчүүд эмзэглэж байгаа талаар тэрбээр онцолсон юм.
Тэрбээр “Есөн хөлт цагаан тугаа тойрох гэж л төрийн наадамд бөхчүүд зодоглодог, 1024 бөх барилдлаа гэхэд хоёр даваанаас хойш 256 бөх л үлдэнэ. Ихэнх бөхчүүд тугаа тойрохгүй үлдвэл харамсалтай. Уламжлалт ёсоороо наадаж ирсэн өдрүүддээ наадах нь зөв. Ядаж л төрийн наадамд түрүүлэхээр зорьж буй том цолтой бөхчүүдэд сэтгэл зүйн хувьд хүндрэл үүснэ. Гурван өдөр барилдана гэдэг өөрөө асуудал.” хэмээн хэлэв.
Мөн наадмын дараа допингийн асуудал хөндөгддөг нь зөвхөн бөх биш нийт монголчуудын хувьд эмзэг сэдэв болсон гэсэн юм. Түүний үзэж буйгаар наадам бол монгол хүний “Хамгийн том дархлаа” бөгөөд төрөөс зохион байгуулж буй учраас зохицуулалтыг ч төр өөрөө тодорхой шийдвэрлэх шаардлагатай аж.
Сүүлийн жилүүдэд түрүү, үзүүрийн бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илрэх тохиолдол давтагдаж байгааг тэрбээр шүүмжилж “Энэ бол зөвхөн бөхийн асуудал биш. Ёс уламжлал, зан заншил, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээг булхайцаж буй гэмт хэргийн шинжтэй үйлдэл.” гэлээ.
Түүнчлэн допинг хэрэглэсэн бөхчүүд эрхээ сэргээлгэхээр оролдож буйд харамсаж буйгаа илэрхийлээд, “Монгол эр хүний, бөхийн түүхийг гажуудуулж буй ийм үйлдлийн эсрэг хатуу байр суурьтай байдаг. Найраа хийж, үнэлэгдэж барилдана гэдэг миний хувьд байж болшгүй зүйл.” гэсэн юм.









