
Францад хэт халалт үргэлжилсэн өдрүүдэд дунджаас олон нас баралт бүртгэгджээ
Өнгөрсөн 7 хоногт Францад хэт халалтын үзэгдэл үргэлжилсэн өдрүүдэд бүртгэгдсэн нас баралтын тоо өмнөх саруудын дунджаас ойролцоогоор 1000-аар олон байсан талаар Францын Нийгмийн эрүүл мэндийн агентлагаас мэдээлжээ. Өнгөрсөн 7 хоногийн лхагва гарагт тус улсад 1200 гаруй, пүрэв, баасан гарагт тус бүр 1400 гаруй нас баралт бүртгэгдсэн байна.
Хэт халалт эхлэхээс өмнө өнгөрсөн 4 ба 5-р сард тус улсад өдөрт дунджаар 900-1000 нас баралт бүртгэгдэж байжээ. Нас баралтын тоо өссөн үзүүлэлтүүд цаг агаарын улаан түвшний сэрэмжлүүлэг зарласан Иль-де-Франс, Нувел Аквитани, Бретань, Төв-Вал де Луар, Норманд, Пеи де ла Луар зэрэг мужуудад голчлон бүртгэгджээ.
Өнгөрсөн 7 хоногийн халуу шатсан өдрүүдэд нас барсан нийт иргэдийн 85 хувь нь 65 ба түүнээс дээш насныхан байсан байна. Эмнэлгүүд, ахмад настны асрамжийн газрууд болон гэртээ нас барсан тохиолдлуудын тоо өссөнөөс Иль-де-Франс мужид гэртээ нас барсан тохиолдлуудын тоо 44 хувиар огцом өссөн байна.
ДЭМБ-ын мэдээлснээр энэ сарын 21-нээс хойш Европ даяар хэт халалтын улмаас 1300 гаруй хүн цагаасаа эрт нас баржээ. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебрейсус, “Халууны стрессийг “чимээгүй алуурчин” ч гэж нэрлэдэг, Европт орон сууц, оффисын барилгууд болон сургуулийн байр байгууламжууд нь ийм төрлийн халуун цаг агаарт зориулж баригдаагүй.” гэжээ.









