
Омск мужийн захирагч Виктор Хоценко өнгөрсөн даваа гарагийн орой шатахуун түгээх станцууд дээр бензиний хиймэл хомсдол үүсэхээс сэргийлж нэг автомашинд дээд тал нь 40 л бензин, 80 л дизель түлш олгох хязгаарлалт тогтоож, бензин болон дизель түлшийг канистрт олгохыг хоригложээ.
Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев тус мужид үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудад нэн түрүүнд галын болон түргэн тусламжийн машинууд, нийтийн тээвэр, хот тохижилтын машинууд болон газар тариалангийн машин механизмуудад бензин болон дизель түлш олгохыг үүрэг болгожээ.
Новосибирск мужийн захирагч Андрей Травников өнгөрсөн мягмар гарагийн өглөө хөрш зэргэлдээ мужуудад нь бензин болон дизель түлшийг хязгаартайгаар олгож эхэлсэн тул Новосибирск муж мөн адил арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрээд буй талаар мэдэгджээ.
Түүнчлэн Саратов мужид энэ сарын 30-ныг хүртэл нэг автомашинд дээд тал нь 30 литр бензин олгохоор болсон байна.
Энэ сарын 15-наас 21-ний хооронд ОХУ-д шатахууны үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 25 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. “Ведомости” сонинд бичсэнээр ОХУ-ын засгийн газар шатахууны импортоо нэмэгдүүлэх боломжуудыг судалж байгаа аж.
Эх сурвалж: Meduza








