
Францын эх газрын 96 аймгийн 35-д нь цаг агаарын хэт халалтын “амь насанд аюултай” улаан түвшний сэрэмжлүүлэг, 45-д нь улбар шар түвшний сэрэмжлүүлгийг гаргажээ. Ирэх өдрүүдэд агаарын хэм цельсийн +40 хэмийг давах төлөвтэй байгаатай холбоотойгоор Францын эрх баригчид гадна зохион байгуулагдах тоглолт, спортын арга хэмжээнүүдийг цуцалж, архи согтууруулах ундааны хэрэглээг хязгаарласан байна.
Францын Үндэсний Цаг уурын алба даваа гарагаас зарим бүс нутгуудад агаарын хэм +42 хэмийг давж болзошгүйг анхааруулж, хэт халалтын үзэгдэл удаан хугацаанд үргэлжилж, түүхэн рекордуудыг эвдэж болзошгүй байгааг онцолжээ.
Хэт халалтын улмаас хэд хэдэн хот 19:00 цагаас өмнө гадаа зохион байгуулагдах зарим арга хэмжээнүүдээ цуцалж, заримыг нь дотор зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Түүнээс гадна гудамж талбайд архи согтууруулах ундаа уух, тоглолт, спортын арга хэмжээнүүдийн үеэр архи согтууруулах ундаа худалдахыг хоригложээ.
Улаан түвшний сэрэмжлүүлэг зарласан нийслэл Парис хотын удирдлагууд иргэдийг усанд осолдохоос сэргийлж Сена мөрөн болон Сен Мартен хоолойн эрэг дагуу архи согтууруулах ундаа уухыг хоригложээ. Нөгөөтээгүүр иргэд эрэг дагуу байрлах тусгай зөвшөөрөлтэй бар, кафе болон задгай террастай уушийн газруудад архи согтууруулах ундаа уух боломжтой аж.
Парис хотын гудамж талбайд 5000 орчим цагдаа тогтмол эргүүл хийж байгаа ба хотын удирдлагууд гудамж талбайд 1300 гаруй усны цэг байгуулж, 1500 гаруй аж ахуйн нэгж иргэдийн усны савыг үнэгүй дүүргэж өгч байгаа аж.
Францын Боловсролын сайд Эдуард Жеффрей энэ даваа гарагт 800 гаруй сургууль хичээллэхгүй, 1800 сургууль хичээлийн болон шалгалтын хуваарьтаа өөрчлөлт оруулж буй талаар мэдэгджээ.
Италийн хойд зүгийн болон төвийн хотуудад мөн л хэт халалт үргэлжилсээр байгаа бол Испанийн Андалуси, Экстремадурад мягмар гарагт агаарын хэм +44 хэм хүрэх төлөвтэй байгаа аж.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад хэт халалт пүрэв гараг хүртэл үргэлжилж, 1976 онд бүртгэгдсэн 6-р сарын хамгийн халуун өдрийн түүхэн рекордыг эвдэх төлөвтэй байгааг Цаг уурын албанаас анхааруулжээ.
Эх сурвалж: The Guardian








