
Эх орноо сурталчилсан олимпийн эрхийн оноо олгох “Улаанбаатар Их дуулга” хөшгөө хаав
Спортын томоохон чансаатай тэмцээн уралдаан эх орондоо хүлээн авч зохион байгуулсны үр дүнд аялал жуулчлал дагаад хөгжиж байдаг. Учир нь гадны улс орноос манай эх оронд зорин ирсэн баг тамирчдыг дагаад, албаны төлөөлөгч, бусад зочид дагалдан ирдэг. Иймээс “Спорт-Аялал жуулчлал” хөгжиж, Монгол Улсад худалдан авалт, үйлчилгээний салбарт үр өгөөжөө өгч байдаг.
Олон Улсын анхаарлыг эх орондоо татсан “Лос Анжелес-2028” зуны олимпын наадмын эрхиийн оноо олгох чансаа өндөртэй “Улаанбаатар Их дуулга” өрсөлдөөн дүүрэн болж, хөшгөө хаалаа.
Монгол Жүдо бөхийн холбооноос тус тэмцээнийг 2022 оноос эхлэн зохион байгуулж буй. Цаашдаа 4 жил тасралтгүй эх орондоо хүлээн авч зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
Өмнөх жилүүдийн тэмцээнээс илүү өргөн бүрэлдэхүүнтэй баг тамирчид Улаанбаатар хотыг зорин ирсэн бөгөөд спортын арга хэмжээний түүхэндээ хамгийн анхдагч том цар хүрээтэй болж чадлаа. Энэ нь мэдээж Монголын Жүдо бөхийн холбооны баг хамт олны амжилттай нэгдэж ажиллаж чадсаны үр дүн юм.
Олон улсын жүдо бөхийн холбооноос олимпын эрхийн оноо олгох тэмцээнийг цувралаар зохион байгуулж, үүний үр дүнд буюу 2028 онд “Улаанбаатар Их дуулга-2028” тэмцээнээр олимпын эрхийн оноо олгох өрсөлдөөн хаагдана. Ингэснээр “Лос Анжелес” олимпын наадмыг зорих эрхээ авсан тамирчдыг ОУЖБХ-ноос зарладаг учиртай.
Туршлагажсан Монголын Жүдо бөхийн холбооны хамт олонд нийт спортын хорхойтон сонирхогч, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье. Тэдэнд браво гэж хэлмээр байна. Эх орондоо тасралтгүй хүлээн авч, амжилттай зохион байгуулан, ард нь амжилттай гарсан тус холбооны хамт олонд супер гэж хэлэхээс аргагүй. Ийм том хэмжээний, чансаатай тэмцээнийг даацтай алдаа мадаг багатай зохион байгуулна гэдэг нь илүү туршлагажиж, нэг баг болон том ажлын ард нь саадгүй гараад тэд хэдийнээ сурчихжээ.
Ер тэгээд эх орноо сурталчлах ийм том тэмцээнийг бүх талаар нь сайтар анхааран, хийдэлгүй зохион байгуулна гэдэг нь асар өндөр үүрэг хариуцлага байдаг. Иймдээ ч МЖБХ-ны хамт олныг сайн ажиллалаа гэж тодотгон хэлэх нь зүйтэй. Та бүхэн чадлаа, эх орноо сурталчлан, дэлхийд жүдогоор дамжуулан таниуллаа.
Монголын залуу жүдочдод ч тэр том тэмцээний утаа үнэрлэж, илүү өөрийгөө чадавхжуулах нь дамжиггүй. Мөн монгол бол бөхийн орон. Тиймдээ ч олимп, дэлхийн шилдгүүдийг нэгэн дор, эх орныхоо дэвжээн дээр харж, аатай, уртай барилдааныг нь дэргэдээс нь шимтэн үзнэ гэдэг нь бидэнд тохиосон хамгийн сайхан завшаан, том боломж.
Жүдо бөхөөр амьсгалсан эрч хүчтэй, гоё өдрүүдэд Монголчууд энэ спортдоо ямар их хайртай, дуртай, үнэнч хорхойтон гэдгээ харуулсан биз ээ.
Зохион байгуулагч: Монгол Улсын Жүдо бөхийн холбоо
Оролцогч орон: 58 орны 460 тамирчин
Сайн дурын ажилтан: 100
Зохион байгуулалтад оролцсон хүний тоо: 50
Дэлхийн шилдэг жүдочдын тоо: Олимпийн аварга 5
Дэлхийн аварга шалгаруулах цолтой тамирчин: 25 тус тус манай улсын дэвжээнд зодоглов.
Тэмцээний зохион байгуулалт:
- Монгол улс “Их дуулга” тэмцээнийг 2026-2030 он хүртэл эх орондоо үргэлжлүүлэн зохион байгуулахаар эрхээ авахын төлөө сунгахаар төлөвлөжээ.
Ингээд МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэлтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
Б.Батгэрэл: Спортын түүхэндээ хамгийн том, өргөн бүрэлдэхүүнтэй, даацтай тэмцээн боллоо

-Монгол эх оронд маань ийм том тэмцээн болж буйд маш их баяртай байна. Спортын тэмцээн уралдааныг сайн дурын ажилтнуудгүй төсөөлөхөд бэрх. Иймээс бид тэмцээндээ ажиллах сайн дурын ажилтнуудаа шалгаруулж авсан. 100 волентёр ажиллаж байгаа. Харин Жүдо бөхийн холбоон дээр 50-аад хүн зохион байгуулалтад ажиллаж байна. Монголын шилдэг жүдочдоос олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Бавуудоржийн Баасанхүү, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Л.Энхрийлэн, дэлхийн аваргын хүрэл медальт Б.Ганхайч, эрэгтэй жүдочдоос дэлхийн аваргын хүрэл медальт Л.Анхзаяа, К.Ёолк мөн Ази тивийн аварга Б.Эрхэмбаяр дэлхийн аваргын мөнгөн медальтан Энхтайваны Ариунболд, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр тэргүүтэй шилдгүүд зодоглож байна.
Залуучуудаас өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа, М.Цэндбазар, өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальтай, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга М.Нандин-Эрдэнэ, Ж.Анударь гэсэн голдуу залуучууд зодоглолоо.
Спортын тэмцээн уралдаан зохион байгуулагч орон гэдэг утгаараа давуу эрхтэй байдаг тул нэг жинд 4 жүдоч оролцож байна. Нийт Монгол Улсаас 56 жүдоч зодоглож байгаа юм.
Ер нь манай холбооны гол зорилго нь ирээдүй, хойч үеэ бэлтгэх, том тэмцээний дэвжээн дээр гаргаад, айдас эмээснийг нь дарах, туршлага судлуулъя гэсэн үндсэн дээрээс залуу тамирчид маань гол төлөв түлхүү оролцуулж байна. Энэ тэмцээнээс олимпын болон дэлхийн чансааны оноо давхар олгохоороо онцлогтой.
Жишээ нь олимп дэлхийн хошой аварга Лукас Гарфала, олимпын аварга, дэлхийн 5 удаагийн аварга Абэ Үта тэргүүтэй олимп болон дэлхийн шилдгүүд Монгол эх орныг зорин ирсэн нь таатай, маш онцлог байна даа.
Ярилцсанд баярлалаа.
Ирэх жилийн наадам мөн ч хол байна даа гэдэгчлэн “2027 оны жүдо бөхийн Улаанбаатар Их дуулга буюу жүдочдын баяр” наадам тун ч хол байна даа…
Видео ярилцлагыг үзэх линк:








