
Манай улс хавар, намартаа үхэртээ шүлхийн вакцин хийдэг. Хаврын вакцинжуулалт хийгдээд удаагүй байхад хэд хэдэн аймгийн бод болон бог малаас шүлхий илрэв. Бүр зарим аймагт Монголд өмнө хэзээ ч илэрч байгаагүй шүлхийн “Сат-1” хэвшил оношлогдов. Энэ нь хавар тарьсан вакцин чанаргүй байв уу гэх асуулттай биднийг нүүр тулгалаа. Хавар тарьсан вакцин ямар улсад үйлдвэрлэсэн вакцин байв. Эсвээс “Биокомбинат” ТӨХХК-ийн дотооддоо үйлдвэрлэсэн вакцин байв уу гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатаас тодрууллаа.
Тэрбээр “Шүлхийн вакциныг хийлгэсэн малд зургаан сарын дархлаа тогтдог. Тэр хүрээндээ худалдан авалтууд нь зохион байгуулагддаг. Сонгон шалгаруулалтад ямар улсын ямар вакцин орж ирснээс хамаараад дархлаа тогтох хугацаа нь харилцан адилгүй байдаг. “Биокомбинат” ТӨХХК шүлхийн вакцин үйлдвэрлэдэггүй. Хавар тарьсан вакцин үхэрт дархлаа тогтоосон уу, үгүй юу гэдгийг одоо шалгаж байгаа. Малдаа шүлхийн вакцин тариулахгүй гээд тариулаагүй малчид байна. Хэн нэгний дураараа зангаас болж улсаараа хохирч болохгүй. Үхэрт шүлхийн вакцин тариагүй мал эмнэлгийн ААН байвал түүнд хариуцлага тооцно. Малдаа тариулаагүй малчин байх юм бол бас л хариуцлага тооцно.
Бид цаашид “Биокомбинат” ТӨХХК-ийнхаа хүчин чадлыг сайжруулах ёстой юм байна. Хоёрдугаарт, монгол эрдэмтдийнхээ зохион бүтээсэн малын эм, тан руу анхаарлаа хандуулъя. Гадуур зарагдаж байгаа малын эм, тарианы хяналтыг хууль хяналтын байгууллагатай хамтраад хийгээд явж байгаа.
Дотооддоо шүлхийн вакцин үйлдвэрлэхэд учир дутагдалтай зүйл бий. Өтгөрүүлсэн концентрацийг авч ирээд, эндээ савлаж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой. Эхний ээлжинд энэ л хийгдэх байх. Түүнээс шууд шүлхийн вакцин үйлдвэрлэхэд манай “Биокомбинат” ТӨХХК олон талаараа шаардлага хангахгүй. Халдвар хамгааллын маш өндөр дэглэмд байх ёстой. Тийм үйлдвэр барихад бидэнд 50-иад сая ам.доллар шаардлагатай. Ойрын хугацаанд 50 сая ам.доллароор үйлдвэр барих бололцоо байхгүй учраас одоо байгаа үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжүүдийг илүү сайжруулж, өтгөрүүлсэн концентраци авч ирээд найруулахгүй бол болохгүй нь” гэлээ.
Шүлхийн “Сат-1” хэвшил Монголд бүртгэгдсэнтэй холбогдуулан вакцины эрэлд сайд дарга нар гарч, ОХУ болон БНХАУ-аас тус, тус нэг сая тун вакцин авахаар болсон. БНХАУ-аас ирж буй нэг сая тун вакциныг энэ сарын 20-ноос Ховд, Баян-Өлгий аймгийн малд хийнэ. Вакцинжуулалтад зөвхөн үхрийг хамруулна. Бог малын тухайд манай улсын төсөв даахгүй тул зөвхөн бод малыг л вакцинжуулж байгаа гэнэ. Тус улсаас нэг тун вакциныг 2.4 юаниар авч байгаа гэдгийг Ц.Идэрбат сайд хэллээ. Бид шүлхийн тархалтаа хумьж чадаж байж Үндэсний баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэнэ. Хэрэв үгүй бол энэ нь аялал жуулчлал, махны экспортод ч сөргөөр нөлөөлнө.








