
Нойр булчирхайгаа хайрлаж, хооллох цаг боллоо
Баяр наадмын үеэр та арай буруу хооллох гэж байна уу?
Нойр булчирхайгаа хамгаалъя
Баяр наадмын уур амьсгал эхлэхтэй зэрэгцээд монголчууд бид хорхог, хуушуур, шарсан тахиа гэх мэт хүнд хоол идсэний дараа газтай ундаа, согтууруулах зүйл ууж эрүүл мэндээ хохироодог. Эдгээр нь нойр булчирхайн үрэвсэлтэй болгоход хүргэдэг.
Тэгвэл та дараах амьдралын хэв маягийг хэвшүүлж нойр булчирхайгаа хамгаалаарай.
Хоол хүнсний зохицуулалт
- Малын гаралтай хэт их өөх тос, хорхог, шүүрхий болон шарсан хуурсан хоолноос татгалзах хэрэгтэй. Хоолыг аль болох жигнэх, чанах эсвэл зутан, бантан хэлбэрээр хэрэглэх нь ачааллыг бууруулдаг.
- Элсэн чихэр, хийжүүлсэн ундаа, цагаан гурилан бүтээгдэхүүн нь цусан дахь инсулиныг огцом хэлбэлзүүлж, нойр булчирхайг туйлдуулдаг тул хэрэглээг нь багасгах хэрэгтэй.
- Нэг дор хэт их идэж, ходоод олон нойр булчирхайг ачаалахгүй байх нь чухал.
Хорт зуршлаас татгалзаж, тохируулан хэрэглэх
- Архи бол нойр булчирхайн эд эсийг шууд хайлуулан гэмтээдэг гол хор юм. Ялангуяа өөхтэй хоол, айраг болон архийг хольж хэрэглэх нь цочмог үрэвсэл үүсгэх өндөр эрсдэлтэй.
- Тамхи татах нь нойр булчирхайн архаг үрэвсэл болон хавдар үүсэх эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлдэг.
Биеийн жин ба бусад эрхтнүүдийг хянах
- Цөсний замын эмгэг, чулуужилт нь нойр булчирхайн сувгийг хааж үрэвсүүлдэг. Тиймээс цөсөө тогтмол хянуулж, шаардлагатай бол эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
- Огцом жин хасах хатуу дэглэмээс татгалзаж, дасгал хөдөлгөөнөөр биеийн жингээ эрүүл түвшинд барих нь цөсний чулуу үүсэхээс сэргийлнэ.
- Өдөрт хангалттай хэмжээний цэвэр ус уух нь хоол боловсруулах ферментийн ялгаралтыг дэмжиж, өтгөнө хатахаас сэргийлдэг.
- Жил бүр урьдчилан сэргийлэх багц үзлэг, хэвлийн ЭХО оношилгоонд хамрагдаж занших хэрэгтэй.
Хэрэв танд аюулхай орчим гэнэт хүчтэй өвдөж, ар нуруу руу бүсэлж дамжих, тасралтгүй бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрвэл нойр булчирхайн цочмог үрэвсэл байж болзошгүй тул яаралтай эмчид хандаарай.
Б.Уранзаяа








