
Шведийн төрийн албан хаагчид хууль бус цагаачдыг цагдаа нарт мэдээлэх үүрэгтэй болжээ
Өнгөрсөн даваа гарагт Шведийн парламент цагаачлалын бодлогоо чангатгаж, хууль бус цагаачдыг албадан гаргах ажлыг эрчимжүүлэх үүднээс төрийн албан хаагчид Шведэд хууль бусаар амьдарч буй цагаачдыг хууль сахиулагчдад мэдээлэх үүрэгтэйг тусгасан хуулийн төслийг баталжээ. Уг хуулийн төсөлд багш нар, нийгмийн ажилчид болон эмч нараас бусад төрийн албан хаагчид тэр дундаа татварын албаныхан, хөдөлмөр, халамж, нийгмийн хамгааллын салбарын ажилчид Шведэд оршин суухад шаардлагатай бичиг баримтгүй гэж сэжиглэсэн хүмүүсээ цагдаад мэдүүлэх үүрэгтэй гэж тусгажээ.
Шведийн их дээд сургуулиудын судлаачид, хүний эрхийн төлөө тэмцэгчид төрийн албан хаагчдаас ямар ч баримт нотолгоогүйгээр зөвхөн хүний яс үндэс, арьс өнгийг үндэслэн хууль сахиулагчдад “хошуу хүргэх”-ийг шаардах нь зохимжгүй, хүний эрхийг зөрчсөн явдал хэмээн дээрх хуулийн төслийг шүүмжилж байгаа аж.








