
2027 оноос эхлэн Их Британид 16-аас доош насныханд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглоно
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер тус улсын засгийн газар энэ ондоо багтан 16-аас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох тухай хуулийн төслийг баталж, ирэх оны хавар гэхэд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн талаар мэдэгджээ.
Түүний хэлснээр нийгмийн сүлжээ нь хүүхдүүдийн хувьд аюулгүй орчин байж чадахгүй байна. Хүүхдүүд нийгмийн сүлжээнд сэтгэцийн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх аюултай контентуудад тогтмол өртдөг аж.
Түүнээс гадна нийгмийн сүлжээ нь донтолт үүсгэхээр бүтээгдсэн гэжээ. Их Британийн засгийн газар 16-аас доош насныханд хэрэглэхийг хориглох нийгмийн сүлжээнүүдийнхээ жагсаалтыг албан ёсоор гаргаагүй байгаа ч үүнд TikTok, Snapchat, YouTube, Facebook, X зэрэг платформууд багтана гэж яригдаж байна.
WhatsApp, Signal, YouTube Kids болон Roblox платформууд тус хоригт орохгүй аж. 16-аас дээш насныхан нийгмийн сүлжээгээ үргэлжлүүлэн хэрэглэхийн тулд насаа баталсан байх ёстой бол 16 болон 17 насныхны нийгмийн сүлжээн дэх infinite scroll функцийг унтрааж, цагийн хязгаар тогтоохоор төлөвлөжээ.








