
Сүүлийн өдрүүдэд Албани улсын нийслэл Тирана хотод олон мянган хүн жагсаж байна. Жагсаалын эхлэл нь Засгийн газар хамгаалалттай эргийн бүс болох Сазан арал болон Звернец орчмын газрыг гадаадын хөрөнгө оруулагчдад аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах шийдвэр гаргасантай холбоотой.
Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка трампын нөхөр бизнес эрхлэгч Жаред Кушнер-ийн хөрөнгө оруулалтын сан тансаг амралтын цогцолбор байгуулах 4.7 тэрбум ам.долларын бүтээн байгуулалт хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд байгаль хамгаалагчид энэ нь фламинго шувуу зэрэг ховор амьтдын амьдрах орчинд аюул учруулна гэж үзэж байна.
Өнгөрсөн долоо хоногт Звернецэд төслийн бүтээн байгуулалт эхлэхтэй холбоотойгоор элсэрхэг манхангуудыг бульдозероор тэгшилж, далайн эрэг дагуу өргөст төмөр хашаа барьж эхэлсэн нь эсэргүүцлийн жагсаалыг өрдөв. Мөн хувийн хамгаалалтын компанийн ажилтан нэгэн жагсагчийг хүчээр чирч, сүрдүүлж буй бичлэг цахим сүлжээнд тарсны дараа олон нийтийн уур бухимдал улам нэмэгдсэн байна.
Гэсэн ч Албанийн засгийн газар төслийг баталж, хамгаалалттай газрын статуст эрсдэл учруулсан бөгөөд энэхүү газар нь нүүдлийн шувуудын чухал дамжин өнгөрөх цэг юм. Түүнчлэн Сазан арал нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий, фламинго шувуудын нүүдлийн газар бөгөөд тухайн байгалийн унаган төрхийг алдагдуулан томоохон барилга байгуулaмж барьж, олон нийтийн хөлийн газар болгох нь ховор ан амьтад устах хүртэл эрсдэл учруулж буй.
Мөн уг эсэргүүцлийн жагсаал зөвхөн уг төслийн эсрэг биш, Бүгд Найрамдах Албани Улсын Ерөнхий сайд Эди Рама-г огцрохыг шаардсан улс төрийн хөдөлгөөн болон өргөжив. Жагсагчид уг хөдөлгөөний бэлгэдэл болгон фламинго шувууг сонгосон нь дэлхий даяар анхаарлыг татаад байгаа юм.
Мөн Албаничууд Сазан арал болон Звернецийн байгалийн өвөрмөц тогтоцыг хамгаалахыг хүсэхийн зэрэгцээ, өмнө нь бүтээн байгуулалт хийхийг хориглож байсан хууль эрх зүйн хамгаалалтыг үл харгалзан энэхүү төслийг урагшлуулах боломж олгосон гэж үзэх авлигын систем болоод дабл стандартыг эсэргүүцэж байна. Уг хөдөлгөөний онцлог нь залуучууд, оюутнууд, жирийн ажилчдыг хамраж байгаа бөгөөд өмнөх улс төрийн намуудын зохион байгуулалттай дүр эсгэсэн эсэргүүцлүүдээс ялгаатай бөгөөд аяндаа өрнөж буй органик жагсаал гэдгээрээ онцлогтой. Байгаль орчин, зэрлэг ан амьтдыг хамгаалахыг шаардсан залуусын жагсаал хэрхэх бол?








