
УИХ-ын гишүүн П.Батчимэг мэдээлэл өглөө.
Тэрбээр “УИХ-ын гишүүдийн хоёр жил орчмын хугацаанд боловсруулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өнөөдөр эцэслэн батлагдлаа. УИХ-ын даргын мэдээлснээр уг хууль ирэх долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улс даяар албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.
Орчин үеийн бичил цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ дэлхий даяар төдийгүй манай улсад ч маш хурдацтай өсөж байна. Хуулийн төслийг боловсруулах явцад Казахстан, Сингапур, Англи, Өмнөд Солонгос, Австрали зэрэг орнууд суррон болон скүүтерийн хөдөлгөөнийг хэрхэн зохицуулдаг талаар өргөн хүрээний харьцуулсан судалгаа хийсэн. Хамгийн сүүлд Казахстан улсын туршлага, судалгаанд тулгуурлан манай улсын нөхцөл байдалд нийцүүлэн хуульчилсан.
Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан уг хууль хэрэгжиж эхэлснээр замын хөдөлгөөнд дараах гол өөрчлөлтүүд орно.
Үүнд:
Явган хүний замаар зорчихыг хориглоно. Өнгөрсөн хугацаанд скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтэл эрс нэмэгдсэн. Зөвхөн өнгөрсөн долоо хоногийн байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд (ГССҮТ) 221 иргэн энэ төрлийн ослын улмаас хандсан байна. Иймд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тэдгээрийг явган хүний замаар зорчихыг бүрэн хориглов.
Хөдөлгөөнд оролцох журамд суррон болон скүүтерийг “Мопед”-ын ангилалд оруулж байгаа тул зөвхөн унадаг дугуйн замаар зорчино. Хэрэв дугуйн зам байхгүй тохиолдолд авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөвөөгөөр хөдөлгөөнд оролцохыг хуулийн заалтад оруулсан.
18 нас хүрээгүй хүүхэд мопед, цахилгаан скүүтер унаж замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн дагуу эцэг, эх, асран хамгаалагчид нь 200 мянган төгрөгийн торгууль ногдуулах зохицуулалт үйлчилнэ” гэлээ.








