
Улаанбаатар хотын жолооч нарын хамгийн их бухимдуулдаг асуудал бол машины зогсоол. Зогсоол олох нь өвс нь дундаас зүү хайхаас хэцүү санагдах үе олонтоо.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд нийслэлийн удирдлагууд тендер зарлаж, зогсоолын компанитай гэрээ хийж, нийтийн эзэмшлийн талбайд хашлагагүй, харин машин дээгүүр нь давж зогсох үед сөхөгдөн түгжигддэг зогсоол байршуулаад буй.

Эдгээр зогсоолын төлбөрийг гар утсаараа QR кодыг уншуулж онлайнаар төлдөг бөгөөд зарим байршил цагийн төлбөр өөр өөр байгааг иргэд хэлж байна.
Угтаа эдгээр нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан зогсоолын төлбөр нь НИТХ-аас 2011 онд баталсан тарифаар төлөгдөх учиртай. Өөрөөр хэлбэл 0-30 минут зогсвол үнэгүй, 30-60 минут нь 2000 төгрөг гэх мэтээр төлбөр бодогдох ёстой ч зарим газар зогссон даруй цаг бодогдож, 1 цагт 5000 төгрөгийн төлбөр гарч байгаад иргэд бухимдалтай байгаа юм.
Энэхүү түгжигддэг зогсоолуудыг хариуцаж, тендэрээр компаниудыг шалгаруулсан Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийн удирдлагаас тодруулахад дараах тайлбарыг хэллээ.


Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийн удирдагч Б.Загдсамбар:
“Нийтийн эзэмшлийн талбай дээрх 50 байршлын зогсоолын тендерт “Эн Ти Би” ХХК болон “Грейп Сити Монгол” ХХК-ийн түншлэл шалгараад ажиллаж байгаа.
Нийт 50 байршилд зогсоол барихаар НИТХ-аас тогтоож, гэрээ байгуулсан. Зарим шалтгааны улмаас 31 зогсоолд үйл ажиллагаа явуулж байна. НИТХ-ын 2011 оны хурлаас тогтоосон төлбөрөөр тарифыг тогтоосон.
Эхний 30 минут үнэгүй, эхний нэг цаг 2000 төгрөгийн үнэтэй. Эдгээр зогсоолуудыг шалгарсан компаниуд өөрсдийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар тоноглол хийсэн бөгөөд иргэдээс авч буй төлбөрийн 60% нь нийслэлийн орлого, 40% нь тухайн компани руу ордог гэсэн үг.
Харин өөрсдийн эзэмшлийн талбай дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд барилгынхаа дэргэд ийм төрлийн тоноглолтой зогсоол байгуулсан ч үнийн хувьд НИТХ-ын тарифаар бус өөр өөрийн дураар зогсоолын төлбөрийг авч байгаа нь үнэн. Учир нь журамд хамаарахгүй. Бид Чингэлтэй дүүргээс эхэлж үнийг шигд болгохоор судалгаа хийж эхэлсэн” гэв.


Хотын төв, төрийн үйлчилгээ үзүүлэх гол байгууллагууд байрлаж буй хэсгээр ажил хөөцөлдөх, бичиг баримт хүргэх гэх мэт богино хугацааны ажилтай яваа иргэд авто машины тавих зогсоол, нийтийн эзэмшлийн талбай байхгүй, бүгдийг нь хаалттай эсвэл түгжигддэг зогсоол болгосонд таатай хандахгүй байна.
Иргэдээс энэ талаар тодруулахад төлбөр нь өндөр байгааг хэлж байсан бол зарим нь зогсоолын дэргэд үнийн мэдээлэл байхгүй учраас ямар төлбөртэй газар зогссон байгаагаа ч мэдэхгүй байна гэж байлаа. Өөр хэсэг нь зогсоол олох нь ажлаа амжуулахаас ч бэрх санагдах үе олон гэж байгаа нь Нийслэлийн нийтийн эзэмшлийн талбайг нийтэд хүртээмжтэй байдлаар зохицуулах биш бэрхшээлийг нь далимдуулж орлого олох эх үүсэр болгосон нь даанч эмгэнэлтэй санагдах…


Бид туршилт хийж, хотын төв. Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яамны баруун талд байрлах Minister tower-ийн зогсоолд нэг цаг зогсоход 5000 төгрөг, 1 цаг 05 минут зогсоход 6250 төгрөг төлсөн юм.
Харин бидний дэргэд зогссон жолооч 1 цаг 30 минут зогсоод гарахад 10.000 төгрөгийн төлбөр төлж гарсан юм.
Хэрвээ интернэт банк хэрэглэдэггүй, QR унших боломжгүй гар утастай бол энэ зогсоолоос хэзээ машинаа гаргаж авах нь тодорхойгүй, зогссон минут бүрээр өндөр төлбөр төлөх эрсдэлтэй байна. Бидэнтэй таарсан орон нутгаас ирсэн жоллооч ярихдаа, өмнө нь энэ зогсоолд машинаа тавиад гаргаж авч мэдэхгүй байсаар олон цаг болж байж хүн гуйж төлбөрөө төлүүлж гарсан тухайгаа ч хэлж байлаа.
Нийтийн эзэмшлийн талбайг нийтэд нь үлдээж, түгжрэлээр шалтаглан хэн нэгний бизнесийн орлогыг тэтгэдэг энэ мэт башир аргаа хэзээ болох вэ Хотын дарга аа!!!








