
Фитнессээр 10 жил тууштай хичээллэж буй Б.Идэрмөнх Монголын бодибилдинг, фитнессийн 35 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний +90 кг-ын жинд түрүүлж, улмаар үнэмлэхүй аварга болж “Монголын Мистер 2026” цол хүртсэн юм.
Тэрбээр тэмцээний шүүлтийн явцад гарсан асуудлын талаар “Би шүүлтийн оноогоор 6:1-ээр ялсан. Гэтэл ерөнхий шүүгч оноо нэгтгэхдээ буруу дугаар шивснээс болж миний дугаарыг өөр тамирчин дээр зарласан эндүүрэл гарсан.” хэмээн тайлбарлалаа. Дараа нь оноог дахин нягталснаар зөв дүн гарч, аварга тодорсон байна.

Мөн тэрбээр бодибилдингийн спортын онцлогийг онцлон “Зарим хүмүүс мистер болох амархан гэж боддог. Гэвч энэ хэмжээнд бэлтгэл хийхэд олон жилийн хөдөлмөр шаардлагатай. Ялангуяа бодибилдингийн ангилалд бүх булчинг, толгойноос хөлийн ул хүртэл нарийн үнэлдэг учраас цөөн жил хичээллэсэн хүн хүнд жинд аварга болох боломжгүй.” хэмээн хэлсэн юм. Харин эмэгтэйчүүдийн зарим төрлүүдэд боломж байж болохыг үгүйсгэсэнгүй.
Түүний хувьд хооллолт маш нарийн дэглэмтэй байдаг бөгөөд багшийн зааврын дагуу өдөрт авах хүнсээ грамм бүрээр нь тооцож хэрэглэдэг аж. Бэлтгэлийн үедээ бараг амралтгүй шахам хичээллэж, зарим өдөр хоёр удаагийн бэлтгэл хийх тохиолдол ч гардаг байна. Өнгөрсөн жилийн улсын аваргад оролцохдоо зургаан сарын турш бэлтгэл хийжээ.


Өмнө нь тулааны спортоор хичээллэж, амжилт гаргаж байсан тэрбээр бодибилдингийг илүү тэсвэр тэвчээр шаардсан, нарийн дэглэмтэй спорт хэмээн тодорхойлсон. “Ер нь амархан спорт гэж байхгүй. Гэхдээ бодибилдинг бол байнгын бэлтгэл, хооллолт, амралтын хатуу дэглэм шаарддаг. Өөр спорттой харьцуулахад амралт нь хүртэл хугацаатай байдаг.” гэж тэр ярьсан юм.
Согтууруулах ундааны тухайд “Би архи хэрэглэдэггүй. Бэлтгэлийн дараа булчингийн сэргэлт явагддаг. Тэр үед архи уувал булчингийн эдгэрэлтийг сааруулна. Тиймээс архи уудаг хүн булчин хөгжүүлэхэд хүндрэлтэй” хэмээн тайлбарлав.


Мөн нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээний талаар “Дасгал хөдөлгөөн хийдэг хүн уураг, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв. Харин огт хөдөлгөөн хийдэггүй байж хэрэглэх нь үр дүнгүй, мөнгө үрсэн хэрэг.” гэж зөвлөсөн юм.
Түүний хувьд тэмцээний үеийн эндүүрлээс болж өөрийг нь мистер болсон гэдгийг мэдээгүй хүмүүс ч байгаа гэлээ. Тэрбээр үүнийг “Жинхэнэ мистер нь би шүү” хэмээн хошигнон ярьсан юм.
Хүмүүсийг өдөрт ядаж нэг цагийг дасгал хөдөлгөөнд зориулж хэвшихийг тэрбээр уриаллаа.








