
Түрээсийн дугуй, скүүтерийн үйлчилгээ явуулдаг ААН-үүдэд үйл ажиллагаагаа түр зогсоох албан бичгийг Нийслэлээс хүргүүлсэн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард АТГ-аас түрээсийн скүүтер түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийг хэрэгслийг явуулахгүй байх албан бичгийг Нийслэлийн засаг даргад хүргүүлсэн.
Ингэхдээ нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг хязгаарлалттайгаар оролцуулах, зөвшөөрөл олгох чиглэлээр баталсан Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387, А/552 дугаар захирамжийг хянаж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх хүртэл энэ төрлийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг албан бичигт тусгасжээ.
Нийслэлийн засаг даргын дээрх захирамжуудаар нийтийн эзэмшлийн талбай ашиглан цахилгаан мопед түрээслүүлэгч байгууллагуудад үйл ажиллагаа явуулах энгийн зөвшөөрлийг нэр бүхий 6 аж ахуйн нэгжид олгосон байдаг. Тус ААН-үүдэд Нийслэлээс АТГ-аас ирсэн шаардлагыг хангах хүртэл түрээсийн үйлчилгээгээ түр зогсоох албан бичгийг хүргүүлжээ.
Түрээсийн үйлчилгээ үзүүлдэг ААН-үүд албан бичигт одоогоор хариу өгөөгүй байгаа аж. Ташрамд дурдахад ирэх сараас эхлэн түрээсийн скүүтерийг 18 наснаас дээш хүн унах, хэрэвзээ насанд хүрээгүй хүүхэд унасан тохиолдолд тухайн хүүхдийн асран хамгаалагчийг 200 мянган төгрөгөөр торгох хууль хэрэгжиж эхлэх юм.








