
Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлаас болж хуванцар үйлдвэрлэлийн гол түүхий эд болох нафта хомсдолд ороод буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Японы дэлгүүр супермаркетууд, кафе зоогийн газрууд, хүргэлтийн үйлчилгээний газрууд гялгар уут, нэг удаагийн бээлий, нэг удаагийн хуванцар сав зэргийн хомсдолд оржээ.
Япон улс жилдээ дунджаар 8 сая тонн хуванцар хэрэглэдэг бөгөөд үүний 30 орчим хувийг хүнсний салбар дангаараа хэрэглэдэг байна.
Хуванцрын гол түүхий эд нафтагийн үнийн нэмэгдэл болон хомсдол нь Японы хүнсний салбарт хүнд цохилт болж байна. Үүнтэй холбоотойгоор зарим зоогийн газрууд өөрсдийн уут, хоолны сав, аяга таваг зэргээ авчирсан үйлчлүүлэгчдэд хөнгөлөлт урамшуулал үзүүлж эхэлсэн байна.
Газрын тосноос гаргаж авдаг нафтаг бэх, хуванцар, наалт, эмнэлгийн хэрэгсэл зэргийг үйлдвэрлэхэд ашигладаг бөгөөд энэ оны 3-р сард Японд полиэтилений үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс даруй 62 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
БНСУ-д өнгөрсөн 3-р сард гялгар уутны борлуулалт 5 дахин нэмэгдсэн бол Ойрх Дорнодоос нийт газрын тосныхоо 70 хувийг импортолдог, гялгар уутны хэрэглээгээрээ дэлхийд нэгт ордог Тайваньд он гарснаас хойш хуванцрын бөөний үнэ 40 хүртэлх хувиар нэмэгджээ.
Эх сурвалж: The Guardian








