
Уламжлалт болон орчин үеийн хувцас, бөс бараа, гоёл чимэглэл зардаг дэлгүүрүүд, хоолны лангуунуудаараа алдартай Энэтхэгийн Дели хотын Лажпат Нагар дүүрэгт дэлгүүр хэсэж буй хүмүүст туслах CarryMen үйлчилгээ шинээр нэвтэрчээ.
Иргэд CarryMen үйлчилгээний эрэгтэй болон эмэгтэй туслахуудаас сонгож, дэлгүүр хэсэх хугацаандаа тортой эсвэл хайрцагтай бараагаа зөөлгөж, тэрэгтэй хүүхдээ түрүүлэх зэрэг үйлчилгээ авч болох аж. Үйлчлүүлэгч CarryMen-ий туслахаас 4 хүртэлх цагийн үйлчилгээ авч болох ба үйлчилгээ нь нэг цагийн 149 рупи буюу 1.56 ам.долларын үнэтэй байх аж.
CarryMen стартапыг бага насны хүүхдүүдтэй хоёр ээж болох Риту Кандари Шривастава, Канишка Малхотра нар анх үүсгэн байгуулжээ.
Тэд BBC агентлагт өгсөн ярилцлагадаа, “Ийм үйлчилгээ гаргая гэсэн санааг Канишка бид 2 анх хүүхдүүдтэйгээ Лажпат Нагарт дэлгүүр хэсэж байхдаа гаргасан юм. Дэлгүүрээс авсан тортой юмнуудаа барьж явангаа тэрэгтэй хүүхдүүдээ гудамжаар түрж явах маш хэцүү байсан. Тэгээд явж байхдаа бид хоёр нэг настай эмэгтэйд тортой юмыг нь барьж өгч туслах гээд чадаагүй. Тухайн үед бид хоёр мөнгийг нь төлөөд тусламж авдаг тийм үйлчилгээ байвал бусдыг царайчлахгүйгээр дэлгүүр хэсэж болох юм гэж бодсон.” гэжээ.
Риту, Канишка хоёртой адил олон сая энэтхэгчүүдийн үйлчлүүлдэг Лажпат Нагар дүүргийн дэлгүүр, лангуунууд нь гадаа ил задгай байдаг ба зам нь энэ тэндээ эвдэрхий, эгэл догол тул хүнд юм өргөж, тэрэг түрж явах нь хүндрэлтэй байдаг аж.
Риту, Канишка хоёр эхлээд 5 эрэгтэй, 2 эмэгтэйг ажилд авч, 1 сар эрчимтэй бэлтгэснийхээ дараа үйлчилгээгээ албан ёсоор өнгөрсөн сард нэвтрүүлжээ. Зарим нь CarryMen үйлчилгээг ажилгүйдлийн түвшнийг бууруулахад сайнаар нөлөөлнө гэж үзсэн бол зарим нь тус үйлчилгээг боолын хөдөлмөртэй харьцуулжээ.
Риту, Канишка хоёр CarryMen үйлчилгээ нэвтэрснээс хойш тус үйлчилгээг голчлон бие давхар эмэгтэйчүүд, бага насны хүүхэдтэй ээжүүд, ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд авсан болохыг онцолжээ.
CarryMen-ий ажилтнууд үйлчлүүлэгчдийнхээ тортой зүйлсийг барьж өгөхөөс гадна борооны шүхэр, эвхдэг сандал, зөөврийн цэнэглэгч зэргээр үйлчлэх аж.
Эх сурвалж: BBC








