
Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө
“Олон нийтийн сүлжээгээр явж буй асуудалд хүндэтгэлтэй хандана. Бид цаашид уул уурхайн аврах ажиллагаанд ашиглах тоног төхөөрөмжийг сайжруулах, сүүлийн үеийн технологи нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай.
Олон нийтийн сүлжээнд Онцгой байдлын алба хаагчид удаан байна, ослын газарт байсан хувиараа алт олборлогч иргэдийг оруулсангүй, шар саваар шороо зөөлөө гэх шүүмжлэлүүд байна. Яг ослын газарт аврах ажиллагааг удирдаж байгаа удирдагч шууд удирдан явуулдаг үүрэгтэй.
Осол болсон газарт байсан мэргэжлийн хүмүүс үнэлгээ хийж эхний оролдлого буюу “Бугуйлдан татах ажиллагаа бүтэлгүйтлээ дараагийн ажиллагаа буюу томоохон нүх малтаж хөндлөн малталт хийх нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Тухайн үед хувиараа алт олборлогч нарыг аврах ажиллагаанд оролцуулах шаардлага байхгүй байсан. Үүнд хүн хүчний хэрэгцээ бус нарийн тооцоолол, аюулгүй ажиллагаа, нарийн цооног… өндөр нь нэг метр, өргөн нь 80 см хүн зөвхөн суугаагаар ажиллах боломжтой байсан. Ерөнхийдөө аврагчид маань хамгийн боломжтой хувилбарыг сонгож, аюулгүй байдлаа хангаж ажилласан. Хэрэв цооног томорсон бол аврах ажиллагаа удааширч сул хөрсийг гаргах ажиллагаа нэмэгдэнэ. Онцгой байдлын алба хаагчид маань хүн хүчээ хуваарилаад мэргэжсэн уул уурхайн аврах ангийн алба хаагчид ажилласан байгаа.








