
Өнгөрсөн мягмар гарагт Италийн автомашин үйлдвэрлэгч алдарт Ferrari компанийн ерөнхийлөгч Жон Элканн Ромын Пап лам XIV Леод Ferrari компанийн шинээр гаргаж буй анхны бүрэн цахилгаан Luce автомашиныг танилцуулжээ.
Ferrari брэндийн анхны бүрэн цахилгаан Luce автомашин нь 1000 морины хүчтэй бөгөөд 2.5 секундэд 97 км хүртэл хурдлах хүчин чадалтай аж. Тус автомашин нь нийт дугуйныхаа тоогоор буюу 4 цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд нэг цэнэглэлтээр 530 км замыг туулах чадвартай аж.
Энгийн хөдөлгүүртэй автомашинаас гадна хайбрид хөдөлгүүртэй автомашин гаргаж эхэлсэн Ferrari компани 2030 он гэхэд худалдаанд гаргах нийт автомашинуудынхаа 20 хувийг цахилгаан автомашин болгох зорилт тавьж, цахилгаан автомашины үйлдвэрлэлдээ олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм.
Олон Улсын Эрчим хүчний агентлагийн тооцоолсноор 2025 онд дэлхий даяар нийт 20 сая цахилгаан автомашин борлуулагдсан ба энэ нь тухайн онд зарагдсан 4 автомашин тутмын 1 нь цахилгаан автомашин байсан гэсэн үг аж. Өнгөрсөн онд Европт цахилгаан автомашины борлуулалт 30 гаруй хувиар өссөн ч Европын автомашин үйлдвэрлэгчид дэвшилтэт технологи бүхий хямд үнэтэй цахилгаан автомашинуудаараа хэрэглэгчдийг татаж буй Хятадын автомашин үйлдвэрлэгчдээс борлуулалтаараа илүү гарч чадахгүй байсаар байгаа билээ.
Энгийн хөдөлгүүр бус дан цахилгаан хөдөлгүүрүүд ашиглаж байгаатай холбоотойгоор Ferrari компанийн шинэ бүрэн цахилгаан автомашины гаднах загвар тус компанийн бусад автомашинуудаас онцгойрон ялгарч байгаа нь зарим хүмүүсийн таалалд нийцээгүй байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн мягмар гарагт Ferrari компанийн хувьцааны үнэ 8.4 хувиар буурчээ.
Эх сурвалж: CRUX







