
БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн тэргүүтэй төлөөлөгчид консулын тойргийн аймгуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэх, орон нутгийн Хятад улстай хийх хамтын ажиллагааг дэмжих, Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх зорилгоор Дундговь аймагт ажиллалаа.
Уулзалтад Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, БОНХОБТХ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Уянга, Байгаль орчны газрын мэргэжилтэн Б.Цэрэнсугир нар оролцсон бол БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн, Ерөнхий консулын газрын Дэд консул Хасмөчир, атташе Ли Жишэнь нар оролцсон юм.
Уулзалтаар Дундговь аймаг нь БНХАУ-ын муж, хотуудтай харилцаа хамтын ажиллагаагаа сэргээж, өргөжүүлэх чиглэлээр ажиллаж буй талаар танилцуулж, Баяннуур хоттой үр дүнтэй хамтран ажиллах, мөн Дундговь аймаг болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны хооронд худалдааны чөлөөт бүс байгуулах боломжийн талаар санал солилцлоо.



Мөн энэхүү айлчлалын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 100 мянган юань, “Төлчин эмэгтэйчүүдийн чуулган”-ыг зохион байгуулахад 15 мянган юань, Хулд сумын ерөнхий боловсролын сургуульд 20 мянган юанийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж байгааг онцоллоо.
Талууд цаашид Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд боловсрол, ногоон хөгжил, эдийн засаг, хөрөнгө оруулалт, жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар тохиролцов.
Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Ногоон Дундговь” дэд хөтөлбөрийг дэмжин, Ерөнхий консул Кэ Юушэн тэргүүтэй төлөөлөгчид, 1–2 дугаар ээлжийн сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан сурагчид болон “Төлчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн-2026”-д оролцогч төлөөлөгчид хамтран мод тарьсан юм.







