
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр ажилласан зургаан жилийн хугацаанд Монголын хууль, хяналтын хамгийн нөлөө бүхий гурван институцийн тэргүүнийг өөрчилсөнгүй.
Харин ч өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын үед томилогдсон хүмүүсийг улирааж, тогтолцооны залгамж чанар бус улс төрийн тохиролцоог үргэлжлүүлэв.
2025 оны яг өдийд Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан нарыг улираан томилсон.
Одоо харин Монгол Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг ээлжээ хүлээн суугаа.
Гэвч бодит байдал дээр энэ зургаан жил Монголын улс төрийн хамгийн том авлигын, нүүрсний, концессын, албан тушаалын хэргүүд эцэслэгдээгүй, зарим нь бүр замхарсан он жилүүд байлаа.
АТГ-ын дарга З.Дашдаваа, УЕП Б.Жаргалсайханыг дахин зургаан жилээр үлдээсэн нь “шударга ёс, авлигатай тэмцэнэ, шинэчлэл хийнэ” гэх зэрэг лоозон үгстэй нь үйлс нь зөрчилдөв.
Прокурорын байгууллага улс төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргүүд дээр шийдвэр гаргахдаа удаашралтай, сонгомол ханддаг гэх шүүмжлэлээс салж чадаагүй хэвээр байна.
Одоо анхаарал Монгол Улсын Дээд Шүүх рүү шилжиж байна. Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусах гэж буй ч шинэ хүний нэр одоо ч тодроогүй байна.
7 хоног бол бүрэн эрхийн хугацаа нь дуусах албан тушаалтны дараагийн томилгоо, шинэ хүмүүсийн нэр аль хэдийн тодорч, хэвлэлээр хэний хэн бэ гэдэг нь бичигдээд эхэлчих хугацаа.
Гэтэл шинэ хүний үнэр ч үгүй байгаа төдийгүй Д.Ганзоригийг улираах лобби Үндсэн хуулийн цэцийн түвшинд хүрч, Их суудлын хуралдаанаа хийхээр цэц тов зарлачихаад байгаа.
Энэ бол Үндсэн хуулийн “манаач” гэгдэх цэц нь өөрөө улс төрийн “манаач” болжээ гэх олны хардлагыг батлах шиг.
Түүнчлэн “Шинэчлэл”, “реформ”, “авлигын эсрэг тэмцэл” ярьсан эрх баригчид яагаад хуучин институцийн толгойнуудыг хадгалж үлдсээр байна вэ?
Хариулт нь энгийн байж мэднэ.
Хуулийн байгууллагын удирдлагыг солихоос илүүтэйгээр хяналтдаа байлгах нь эрх баригчдад ашигтай. Тэдний гарт байгаа авлига, албан тушаалын хэргүүдийн хавтсанд гол учир нь байна.
Хэрэв тийм бол Монголын төрд институцийн хараат бус байдал бус, улс төрийн үнэнч байдлыг шагнадаг цикл улам гүнзгийрч байна гэсэн үг.
“Реформ” ярьсан эрх баригчид эцэстээ өмнөх системээ л үргэлжлүүлж, зөвхөн дүр солигдсон ч “хонгил” нь хэвээр үлдсэн улс төрийн реалити үргэлжилж байна.







