
“Эрүүл Монгол иргэн – Эх орны баялаг” уриатай Мөнгөн Гүүр Эмнэлэг нь 2015 оноос хойш Тайвань улсын чадварлаг эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, олон улсын түвшний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монголын иргэдэд ойртуулах чиглэлээр тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлсээр иржээ.
Энэ хүрээнд 2025 оноос эхлэн үүдэл эсийн чиглэлээр Тайванийн эмнэлэг, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, үүдэл эсийн эмчилгээг Монголд нутагшуулах ажлыг эхлүүлээд байна. Тус эмнэлэг нь үүдэл эсийн эмчилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, эмчилгээний арга технологийг нэвтрүүлэх зорилгоор Тайванийн мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч нар болон үүдэл эсийн чиглэлийн мэргэжилтнүүдийг урин авчирч, Монголын мэс заслын эмч нарт зориулсан сургалт, семинар зохион байгууллаа.

Мөнгөн Гүүр эмнэлэг нь Монголдоо хамгийн түрүүнд үүдэл эсийг төрөл бүрийн өвчин, эмгэгийн үед ашиглах чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, мэргэжилтнүүдийг бэлтгэн ажиллаж байгаагаараа онцлог юм. Энэ хүрээнд үүдэл эсийн эмчилгээг төрийн бодлогын түвшинд дэмжин хөгжүүлж буй Тайвань улстай хамтран ажиллаж, тус улсын туршлага, технологийг Монголд нутагшуулах зорилго тавин ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд үүдэл эсийн эмчилгээ нь хөгшрөлт, үе мөчний элэгдэл, нуруу, тархи, мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт зэрэг амьдралын хэвшлээс шалтгаалсан олон төрлийн өвчин, эмгэгийг эмчлэх боломжтой шинэ үеийн эмчилгээний арга болж хөгжиж байгаа юм. Тиймээс Мөнгөн Гүүр эмнэлэг эхний ээлжид өвдөг, нурууны үе мөчний эмчилгээнд үүдэл эсийг ашиглахын зэрэгцээ цаашид гоо сайхан, зүрх судас, дотоод шүүрэл болон бусад эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн үед хэрэглэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
Мөн Монголд эмчлэгдэх боломж хомс зарим өвчин, эмгэгийн үед Тайванийн шилдэг эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, шаардлагатай тохиолдолд Тайваньд эмчлүүлэх боломжийг иргэдэд нээж өгч байгаа аж. Үүнээс гадна Тайванийн эмч нартай онлайнаар шууд холбогдон зөвлөгөө авах, оношоо тодруулах, цаашдын эмчилгээний чиглэлээ тодорхойлох боломжийг бүрдүүлэх зорилгоор онлайн үзлэгийн үйлчилгээг түлхүү хөгжүүлэн ажиллаж байна.


Түүнчлэн Тайванийн үүдэл эсийн компанитай хамтын ажиллагаа эхлүүлснээр үүдэл эсийг мэс заслын эмчилгээ, тэр дундаа мэдрэл болон гэмтлийн мэс засалд хэрхэн ашиглах талаар танилцуулга, илтгэлүүдийг эмч мэргэжилтнүүдэд хүргэлээ.
Одоогоор анагаах ухаанд ашиглагдаж буй үндсэн гурван төрлийн үүдэл эс байдаг байна. Үүнд дархлааны үүдэл эс нь хавдрын эмчилгээнд, яс болон үений элэгдэл, тархи нугасны гэмтлийн үед хэрэглэгдэх үүдэл эс, мөн цус багадалт болон цусны хавдрын үед ашиглагддаг чөмөгний үүдэл эс зэрэг багтаж байгаа юм. Эдгээр үүдэл эсийг хүний өөрийн биеэс гарган авч анагаах ухаанд ашиглаж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд үүдэл эсийн эмчилгээ нь хүн төрөлхтөнд адилхан үр дүнтэй гэж үздэг байна.
Ийнхүү Мөнгөн Гүүр Эмнэлэг нь Тайванийн эмч, эмнэлгүүдтэй хамтран ажиллах хүрээнд онлайн үзлэг, олон улсын зөвлөгөө, үүдэл эсийн эмчилгээ зэрэг дэвшилтэт технологийг Монголд нутагшуулах замаар иргэдэд илүү хүртээмжтэй, чанартай эрүүл мэндийн үйлчилгээ хүргэхээр ажиллаж байна.












