
Хэн нэгэн үнэтэй хувцсаараа биш, харин үр хүүхдийнхээ төлөө туулсан он жилүүдээрээ гоёж ирсэн өдөр, инээд, догдлол, нулимс, бахархал бүгд нэг дор цугларсан тийм л өдөр. Энд янз бүрийн өнгийн дээл хувцас нүдэнд тусна, зарим нь хүүхдээ хөтөлчихсөн, зарим нь ач, зээгээ дагуулчихсан, зарим нь нөхрийнхөө гараас түшин алхана. Гэхдээ тэд бүгд нэг ижил зүйлээрээ адилхан байв. Тэр нь ээж гэх эрхэм алдар.
Ээжүүдийн энгэрт гялалзах тэр жижигхэн одон үнэндээ асар том амьдралын үнэ цэнтэй ажээ. Тэр одон дотор нойргүй хоногууд бий. Халуурсан хүүхдээ тэврээд хоносон шөнүүд бий. Өөрөө өлссөн ч хүүхдээ цатгалан унтуулах гэсэн сэтгэл бий. Заримдаа нулимсаа чимээгүйхэн арчаад “болно оо” гэж өөрийгөө зоригжуулсан олон жилийн түүх бий.
Өнөөдөр /2026.05.25/ ахмад ээж одонгоо авчээ. Буриад ястны хээнцэр дээл өмсөж, энгэртээ шинэ гялалзах одон зүүжээ. Гэхдээ тэр одонг авах гэж 30 гаруй жил хүлээсэн байна. Хүмүүс баяр хүргэхэд тэр эмээ намуухан инээмсэглээд “Миний отгон хүүхэд байсан бол одоо 30 гарсан байх байсан” гэж хэлсэн юм.
Түүний хоолойд гомдол ч байсангүй, бас бахархал ч байсангүй. Харин туулсан амьдралынх нь хүндлэл л мэдрэгдэж байлаа. “Одоо ингэж алдарт эхийн одон авахаар ичгэвтэр юм байна.” гэж хэлэхдээ хүртэл нүдэнд нь амьдралын ухаан харагдсан билээ.
Нөгөө буланд нэгэн залуу ээж нөхөртөө өөрийн хийсэн “Алдарт аав” гэх одон гардуулж байлаа. Тэр мөч өнөөдрийн хамгийн дулаахан агшнуудын нэг байсан юм. “Сайн аавгүйгээр сайн ээж байх амаргүй” гэж Ү.Алтантовч хэлэхэд нөхөр нь бага зэрэг ичингүйрэн инээмсэглэв. Тэд ахлах сургуульд байхдаа үерхэж эхэлсэн гэнэ. Одоо харин зургуулаа өнөр өтгөн айл болжээ. Магадгүй энэ хайр гэдэг хамтдаа өсөж томордог зүйл гэдгийг харуулсан хамгийн сайхан дүр зураг байсан.

Эл өдөр олон ээж үндэсний дээл хувцсаараа гоёсон байлаа. Зарим нь торгон уужтай, зарим нь ястан угсаагаа илтгэх хээ угалзтай дээл өмсжээ.
Харин тэдний дунд албаны дүрэмт хувцастай эмэгтэй нүдэнд онцгой туссан юм. Булган аймгийн аврах ангид ажилладаг Т.Оюунбилэг дөрвөн хүүхдийн ээж аж. Гал, ус, аюул осол руу бусдын төлөө ордог хүн мөртөө гэртээ очоод бас дөрвөн хүүхдийн ээж болж амьдарна гэдэг ямар их тэвчээр, хүч вэ гэдэг эрхгүй бодогдоно.
Түүний есөн настай хүү “Миний ээж хорвоогийн хамгийн хөөрхөн эмэгтэй” гэж хэлэхдээ нүүр бардам байгаа нь түүний хэр сайн гэр гийгүүлэгч, ээж гэдгийг харуулсан агшин байлаа.
Ээжүүдийн ихэнх нь өөрсдийнхөө тухай биш, хүүхдүүдийнхээ тухай ярьж “Манай том энэ жил сургуульд орсон”, “бага маань шөнө уйлахаа больчихсон”, “охин маань эмч болно гэдэг юм” гэх мэт энгийн ярианууд, тэд өөрсдийгөө мартчихсан мэт амьдардаг хүмүүс. Гэхдээ тэр бүхний ард гэр бүлээ бүтэн авч явах гэсэн асар том сэтгэл байдаг.
Ерөнхийлөгч “Эхийн алдар” одонг хамгийн хүндтэй шагнал гэж хэлсэн учир нь энэ одонг мөнгөөр худалдаж авч болохгүй. Арын хаалгаар ч олдохгүй. Энэ бол зөвхөн амьдралаараа “авдаг” шагнал юм.
Төрийн ордноос гарч яваа ээжүүдийн энгэрт одон гялалзаж байсан ч үнэндээ хамгийн тод гэрэлтэж байсан зүйл нь тэдний нүд, үр хүүхдээ өсгөж, амьдралыг нуруундаа үүрч ирсэн хүний нүд тийм л байдаг байх.
“Эхийн алдар” одон гэдэг ээжүүдэд өгч байгаа шагнал боловч үнэндээ монголын ирээдүйг өсгөж байгаа хүмүүст өгч буй талархал юм байна.









