
Хойд бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган хотод эхэллээ
Хойд бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймгийн төв Булган суманд өнөөдөр /2026.05.23/ эхэллээ. Орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг бодлогын түвшинд тодорхойлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой тус уулзалтад Булган, Хөвсгөл, Орхон аймгийн малчид, малын эмч, тариаланчид, УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, сум, багийн удирдлага зэрэг 450 орчим хүн оролцож байна.
Ерөнхий сайд Н.Учрал тус уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зорилт, үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлж байна. Мөн Засгийн газрын дэвшүүлсэн Чөлөөлөлтийн бодлогын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт онцгой анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Экспортыг дэмжих хүрээнд “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бараа бүтээгдэхүүний экспортыг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тустогтоолыг хэрэгжүүлснээр экспортын үйл ажиллагаа илүү хялбар, шуурхай болж, аж ахуйн нэгжүүдийн зардал буурч, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэн, олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадвар сайжирна гэж үзэж байна.
Евроазийн таван улсын 2,4 их наяд долларын зах зээлийн үүдийг нээсэн түр хэлэлцээрийн боломжийг Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, Засгийн газрын санаачилсан “Атар-4” аяны бодлоготой уялдуулан уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэхээр ажиллаж байна.


Цаашид хөдөө аж ахуйн экспортыг дэмжих чиглэлд зөвхөн зээл, дэмжлэгт тулгуурлах бус, салбарын дотоод нөөц бололцоог бүрэн ашиглаж, карбон кредитийн шинэ схемийг нэвтрүүлэн дэлхийн зах зээл дээрх хямд эх үүсвэртэй санхүүжилтийг хөдөө аж ахуйн салбарт татах нь чухал байна.
Монгол Улсын Засгийн газар хойд бүсийн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлд онцгойлон анхаарал хандуулж бэлчээрийн тогтвортой менежментийг нэвтрүүлж, эрчимжсэн мал аж ахуйг байгальд ээлтэй байдлаар хөгжүүлэх, бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үржүүлж, дэмжин хөгжүүлэх бодлого баримталж байна.


Мөн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Уулзалтад хүрэлцэн ирсэн төлөөллүүд салбарын өмнө шийдвэрлэх асуудлын талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ.

















