
Ингэхдээ мах бэлтгэдэг аж ахуйн нэгжүүдээс өмнөх намар сонгогн шалгаруулалтаар сонгож зах зээлийн ханшаас 30 орчим хувийн хямд үнээр иргэдэд мах борлуулах, зөрүүг нь Засгийн газрын нөөц сангаас олгосоор ирсэн.
2023 оноос энэ ажлын нийслэл хотоос зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жил хангалттай мах нөөцөлж бэлтгээгүй төдийгүй 2500 тонн мах дутсан, алга болсон гэх шалтгаанаар хотын даргыг ажлаас нь чөлөөлчиххөөд байгаа билээ.
Онолын хувьд энэ бол гурван талд ашигтай бодлого. Иргэд хямд мах авна, компаниуд алдагдлаа нөхүүлнэ, төр үнийн өсөлтийг барина. Гэвч сүүлийн долоо хоногийн хугацаанд энэ тэнцвэр алдагдаж, ашиг нь биш, асуудал нь илүү тод харагдах боллоо.
Төр махны үнийг зохицуулахгүй гэх нь үнэн дүр төрхтэйгөө зөрчилдөнө. Учир нь татвар төлөгчдийн мөнгөөр мах бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдэд жил бүр олон тэрбум төгрөгийн татаас олгосоор ирсэн. Зөвхөн нийслэл 2026 оны төсөвт 8.7 тэрбум төгрөгийг энэ зориулалтаар тусгасан ч үр дүнгүй дэмий зардал болж хувирлаа.
Энэ хөрөнгөөр нийт 5000 тонн мах нөөцөлсөн бөгөөд үүний 60 хувийг намар бэлтгэсэн хонины мах, үлдсэн 40 хувийг үхрийн мах эзэлжээ. Эрэлт хэрэгцээг хангалттай хэмжээнд нийлүүлнэ хэмээн сурталчилж байсан ч махны үнэ он гарснаас хойш 40 орчим хувиар өсөөд байна.
Өнөөдөр /2026.05.21/ болсон үйл явдал энэ бодлогын үнэн дүр төрхийг ил гаргалаа. Нөөцийн мах худалдаалах цэгүүд 10:00-18:00 цагийн хооронд нийслэлийн дүүргүүдийн 80 гаруй цэгт ажиллана гэж мэдээлсэн ч иргэд өглөөний 07:00 цагаас эхлэн тухайн цэгүүдэд хямд мах авчих санаатай очерлож байгаа ч хоосон буцах тохиолдол байсаар байна. Хэн ч өглөө эрт босож, гурван цагийн турш зогсохыг хүсэхгүй. Гэхдээ амьдралын өртөг, үнийн дарамт хүмүүсийг ийм сонголт хийхэд хүргэж байна. Гэвч тэр хүлээлт хэний ч алгыг дээш харуулсангүй хоосон үлдээсэн юм.
2026 оны 05 сарын 21 өдөр. Өглөөний 09 цаг. Нөөцийн махны худалдаа ирэх ёстой “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн талбай
“Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн урд байрлах мах борлуулах цэг дээр 11:45 цагийн үед нөөцийн мах худалдаалахгүй болсон тухай мэдэгдсэн нь хэдэн цагийн турш хүлээсэн иргэдийг ганц өгүүлбэрээр тараасан хэрэг болов. Хүмүүс мах авч чадаагүйдээ биш, харин худал мэдээлэлд итгэж, дэмий хүлээсэндээ илүү бухимдаж байсан нь нүүрэн дээр нь илт харагдаж байлаа.
Мах авахаар очерлож буй иргэн: Худалч хүнд талх хүртэл өдөр болгон үнэ нэмэгдэж байна, тэтгэврээрээ амьдардаг хөгшин бидэнд үхэр, хонины мах бараг ховрын бараа боллоо, тахианы мах анхнаасаа идэж сураагүй учраас амтгүй санагддаг юм аа.


Мах авахаар очерлож буй иргэн 2: Мах нь ч ирээгүй байхад хүмүүсийн дарааллыг нь л хар, энд нялх хүүхдээ тэвэрсэн залуухан ээж ч байна, таяг тулсан ахмад настан ч байна, ард түмний амьдрал ийм хэцүү байна л гэсэн үг, өвөл дэлгүүр ороод нөөцийн мах асуугаад дэлгүүр ороход байхгүй эсвэл ирээгүй л гэдэг байсан одоо ингэж очер дараалал үүсгэж байна.


Мах авахаар очерлож буй иргэн 3: Би өчигдөр Цамба дээр зогсоод мах авч чадаагүй тэгээд өнөөдөр эрт ирлээ. Ер нь ийм зах замбараагүй байдалд хүрэх хэрэг байсан үгүйг сайн мэдэхгүй байна, тэгээд том машинд дүүргээд авч ирэхгүй жижиг машины 3/2-д хийж ирдэг юм билээ.
Албан мэдээллээр нөөцийн мах нийлүүлэх гэрээ байгуулсан есөн компаниас тав нь нэг ч тонн нийлүүлээгүй, дөрөв нь улс төрд нөлөө бүхий эзэнтэй, хоёр нь 2019 онд үйл ажиллагаа нь зогссон. Ингээд зах зээлд нийлүүлэх ёстой 2500 тонн мах тасалдсан гэх мэдээллийг Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн юм. Энэ нь хэдэн мянган айлын ширээн дээр очих ёстой мах замдаа “алга болсон” гэсэн үг. Тэгвэл тэр мах хаачсан бэ, яагаад иргэдэд хүрээгүй вэ гэдэг асуулт хариулт нэхэж байна.
Нөөцийн махны татаас нь эцсийн дүндээ татвар төлөгчдийн мөнгө. Төр компаниудад алдагдлыг нь нөхөж өгч, иргэдэд хямд үнээр мах хүргэх ёстой. Гэвч татаас нь систем дотор эргэлдээд, мах нь лангуун дээр ирэхгүй байгаа нь татаас нэрээр хэдэн компанийг татварын мөнгөөр угжиж байгааг илтгэнэ. Өөдрөгөөр төсөөлсөн төрийн бодлого ч энд хоосон үлдэнэ.
Эндээс илүү төвөгтэй, гэхдээ зайлшгүй тавигдах асуулт нь татаас авсан хэр нь нэг ч удаа мах нийлүүлээгүй компаниуд хариуцлага хүлээх үү, эсвэл энэ бүхэн замдаа “алга болсон” хэвээр үлдэж сох дутсанн 2500 тонн мах буух эзэн, буцах хаяггүй болох уу?
Зах зээл дээр махны үнэ өндөр хэвээр байхад татаастай мах ирэхгүй байгаа нь хэнд ашигтай вэ гэдэг асуулт ч гарч ирнэ. Хомсдол үүсэх тусам үнэ өсдөг, үнэ өсөх тусам ашиг нэмэгддэг. Тэгвэл энэ доголдлоос хэн хожиж байна вэ?
Нийлүүлэлтийн доголдолтой холбоотойгоор хотын удирдлагад хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэр гарсан нь асуудал ноцтой түвшинд хүрснийг илтгэнэ. Гэхдээ нэг хүнийг чөлөөлснөөр системийн алдаа засагдах уу. Х.Нямбаатар чөлөөлөгдсөн ч нөөцийн мах ирэх цэгтээ ирэхгүй байгааг яах вэ?
Есөн компанитай гэрээ байгуулсан атлаа тал нь үүргээ биелүүлээгүй байхад хяналт хаана байсан бэ, татаас хэрхэн зарцуулагдсан бэ, хэн бодитоор хариуцлага хүлээх вэ? гэдэг асуултууд хариулт нэхсээр байна.
Иргэдийн амьжиргааг дэмжих ёстой мөнгө, боломж, нөөц нь замдаа алдагдаж, харин эцэст нь хамгийн хэрэгтэй хүмүүстээ хүрэхгүй байгаа нь санамсаргүй гэж итгэхэд бэрх байна.









нөөц махыг яааг ард түмэндээ хүрэлцээтэй тарааж хүргэж чадах юмуу цаагуураа л хувилдаад өнгөрөх шивдээ баахан худалдаалах цэгүүдын нэр заагаад л өнгөрөх юм шигээ