
Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгүүдийн дунд “Замын цагаан толгой-2026” тэмцээн уралдааныг өнөөдөр /2026.05.22/ зохион байгууллаа.
41 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн нь бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлын мэдлэгийг олгох, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэдгээрээ онцлог юм.
Тэмцээний хүрээнд оролцогч хүүхдүүд төрөл бүрийн даалгавар, урлагийн болон танин мэдэхүйн үзүүлбэрүүдийг толилуулж, замын хөдөлгөөний талаарх мэдлэг, чадвараа сорин өрсөлдлөө. Энэхүү уралдаан нь хүүхдүүдийг бага наснаас нь замын хөдөлгөөний соёлд сургах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтойг Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга П.Өлзийнаран онцоллоо.
Мөн тэмцээнд оролцсон цэцэрлэгүүд үзүүлбэрийн санаагаа хүүхдүүдтэй хамтран боловсруулж, тодорхой хугацаанд бэлтгэл хийсэн байна. Тухайлбал 76 дугаар цэцэрлэгийн багш нар хүүхдүүдтэй ярилцах, асуумж авах байдлаар санаагаа боловсруулж, хоёр долоо хоногийн турш бэлтгэл хийжээ.
Сургалтын өдөр тутмын үйл ажиллагаанд алхаа гишгээ, баруун зүүнээ ялгах зэрэг чадварууд тусгагддаг нь хүүхдүүдэд үзүүлбэрээ бэлтгэхэд дөхөм болсон байна.
Ийнхүү олон жилийн түүхтэй “Замын цагаан толгой” тэмцээн нь жилээс жилд өргөжин хөгжиж, хүүхэд багачуудын замын хөдөлгөөний мэдлэгийг нэмэгдүүлэх, зөв дадал төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулсаар байна.
Видео үзэх холбоос:







