
Н.Учралыг МАН-ын дарга болгож, Ерөнхий сайдаар томилж, түүнийгээ “хатсан өвсөөр өндөгөө хатгах” шиг шалтгуудаар нэгэндээ дэгээ тавьж байгаа нь МАН-ын дотоод хагарлыг улам гүнзгийрснийг ил болгоно. 30/38-ын бүлэг гэж хуваагдсан ч эв зүйгээ олох гэж өнгөн дээрээ харагдаж байгаа МАН-ынхан одоо Засгийн газрын бүтэцдээ гар дүрж эхэллээ.
Анх Н.Учралын Засгийн газрыг бүрдүүлэхэд АН өмнөх засгаас жийгдсэндээ дээр дооргүй бухимдан, эгдүүцэж “хадаг бариад гуйсан ч МАН-тай хамтарч Засаг барихгүй” гэдгээ хлсэн. Гэвч Хотын дарга Х.Нямбаатарыг Засгийн газрын тэргүүн Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд чөлөөлснөөр Засгийн газартаа багтсан Д.Амарбаясгалан талын таван сайдыг гаргаж, АН-тай засгийн эрх хамтран барих хувилбар яригдаж эхэлсэн.
МАН-ынхан Ерөнхий сайд нараа ээлж дараагаар унагахдаа дотроосоо шалтаг гарган, АН-ынхнаар “могой бариулдаг” жишигтэй. Энэ удаад ч Н.Учралыг унагахаар АН-ын дарга О.Цогтгэрэлийн бланк дээр гарын үсэг цуглуулах хувилбар ч явж байна.
Хариуд нь Н.Учрал АН-д хэд хэдэн сайдын суудал санал болгоход АН зөрүүлээд УИХ-ын даргын суудлыг сөрөг хүчинд өгөх санал тавьж ам руугаа алгадуулсан сурагтай. Зарим хэвлэлээр энэ тухай бичээд эхэлсэн.
Өрөг.мн сайтын улс төрийн сэтгүүлч Э.Булган Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралаас өөрөөс нь дээрх асуудал үнэн эсэхийг тодруулахад,
Тэрбээр,
“Үгүй ээ. Тийм зүйл яригдаагүй” гээд явуут дундаа ч шалавхан хариулсан.
Яг энэ тодруулга бичлэг нийтлэгдсэний араас ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр мэдээлэл хийхдээ.
“Ерөнхий сайд Засгийн газарт АН-ыг урьж байгаа гэдэг бол худал мэдээлэл. Засгийн газар үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Ямар ч уррилга заллага болоогүй байхад орно, орохгүй, зөв, буруу гэсэн яриа байхгүй” гэж мэдэгдлээ.
Мэхт мэхэндээ гэгчээр үйл явдал МАН – АН-ын дунд өрнөж буй болтой.







