
2020 оны 06-р сарын 02-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томилох зарлиг гаргасан байдаг.
Хуулийн дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр зургаан жил буюу 2026 оны 6-р сарын 2-ны өдөр дуусгавар болно. Түүний оронд томилогдох хүмүүсийн нэрс одоогоор тодроогүй төдийгүй Д.Ганзориг нь үргэлжлэн үүрэгт ажлаа хийх буюу бүрэн эрхийн хугацаагаа сунгах сонирхолтой байгаа бололтой.
Хэрэв түүний бүрэн эрх сунгагдвал дараагийн зургаан жилд улс төрчдийн нэр холбогдсон хэргүүд шийдэгдэх үү гэсэн асуулт үүсэж байна.
Өнөөдөр АН-ын хууччуулаас хэрэг нь цагаадсан атлаа дахин шүүгдэж, улмаар гурван шатны шүүхийн шийдвэр эргээд яллах шийдвэр болтол явчихаж буй.
Д.Ганзоригийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаад гурав дахь жил рүүгээ орж байх үед түүн дээр хуульч Г.Батбаяр асан гомдол гаргаж, Шүүхийн сахилгын хороогоор оруулж байсан удаатай.
Энэ нь тухайн үед С.Баярцогтыг гурван шатны шүүхээр шийтгэгдээд байхад хүчингүй болсон хууль хэрэглэж мөрдөн байцаалтад буцаасан гэх үндэслэл байсан. Өөрөөр хэлбэл АН дотор өрнөж буй фракцын хагарал өндрийг авч байх үед болсон процесс тул Улсын дээд шүүхийн шүүгч улс төрчдийн нөлөөлөлд автаж байна гэх шүүмжлэл ч өрнөж байв.
Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах тухай яригдаж байсан ч тэгсгээд өнгөрсөн.
Үүний дараа хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийн Х хуудаст “Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүхийн хараат бус байдлыг устгаж бузарласан нөхөр. Монголын шүүхийг улс төрийн захиалгын шүүх болгосон “хар гай” дахин эрхээ сунгуулахаар хөөцөлдөж байна” гэж бичжээ.
Энэ бол түүнийг улс төрчдийн дунд хэн нэгнээс илтэд хамааралтай гэж хардсан анхны тохиолдол ч биш.
Э.Бат-Үүлийн энэ жиргээний суурийг батлах гэсэн мэтээр Үндсэн хуулийн цэц дээр Ерөнхий шүүгчийг “зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтаар Их суудлын маргаан өрнүүлэх мэдэгдлээ зарлаад байна.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ИХ СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛНО
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлолоо.Эх сурвалж: Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно







