
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-нд эхэлнэ
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа. Энэхүү журмын хүрээнд элсэгчид эхлээд Монгол хэл, бичгийн шалгалтдаа тэнцсэн байх шаардлагатай бөгөөд үүний дараа суурь мэргэжлийн чиглэлийн дагуу үндсэн шалгалтуудаа өгнө.
Улмаар их, дээд сургуульд элсэх үндсэн шалгалтууд зургадугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд үргэлжилнэ. Тодруулбал, зургадугаар сарын 25-ны өдөр Түүх, Англи хэлний шалгалтаар элсэлтийн ерөнхий шалгалт эхлэх юм. Дараагийн өдөр буюу 26-ны 10:00-11:40 цагт Хими, 13:00-14:20 цагт Газар зүй, 16:30-17:50 цагт Нийгэм судлалын хичээлийн шалгалт тус тус үргэлжилнэ.
Харин 27-ны өдөр 10:00-11:20 цагт Биологи, 14:00-15:30 цагт Математикийн шалгалт явагдахаар төлөвлөгджээ. Шалгалтын сүүлийн өдөр буюу 28-ны 10:00-11:40 цагт Физик, 13:00-14:20 цагт Орос хэл, 16:00-17:20 цагт Монгол хэлний шалгалтыг тус тус авснаар энэ удаагийн ЭЕШ өндөрлөнө.
Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдад цаг баримтлахыг анхаарууллаа. Шалгуулагчид шалгалтын байрандаа нэг цагийн өмнө ирсэн байх ёстой бөгөөд анги, танхимдаа шалгалт эхлэхээс 10 минутын өмнө орж, суудлаа эзэлсэн байх шаардлагатай. Мөн дурдсан хугацаанаас хоцорсон тохиолдолд шалгуулагчийг шалгалтад оруулахгүй болохыг анхааруулсан байна.








