
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын санаачилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс Зайделийн Сангийн дэмжлэгтэйгээр Монголын сайн дурынхны төвтэй хамтран “Хүний эрх хамгаалагч хүүхдүүд” чуулганыг 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
“ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ ХҮҮХДҮҮД” чуулганы үндсэн зорилго нь Монгол Улсад хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх, хүүхдүүдэд хүний эрх хамгаалагчийн мэдлэгийг олгох, эрхээ хамгаалуулах, өөрийн болон үе тэнгийнхнийхээ эрхийг хамгаалах идэвхтэй оролцогч, хүний эрх хамгаалагч болгон чадавхжуулахад оршино. Уг чуулган хүний эрх хамгаалагч хүүхдийн оролцоог бодитой хэрэгжүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, мөн үе тэнгийн дээрэлхэлт, цахим дарамт болон жендэрийн хэвшмэл ойлголтоос үүдэлтэй хүчирхийллийн асуудлын эсрэг хүүхдүүдэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байгаагаараа онцлог боллоо.

Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Ханнс Зайделийн Сангийн Эрх зүйн төсөл хариуцсан менежер С.Амармэнд нар оролцож, үг хэллээ.
Комиссын дарга Д.Сүнжид чуулганд оролцож байгаа Та бүхэн бол өнөөдрийн төдийгүй ирээдүйн, шударга эрх тэгш нийгмийг бүтээх хүмүүс юм. Хүүхэд бүр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй хэлэх, өөрт хамаатай асуудалд оролцох эрхтэй. Өнөөдөр хүүхдүүд цахим орчны эрсдэл, дээрэлхэлт , ялгаварлан гадуурхалт, олон асуудалтай тулгарч байна. Ийм үед өөрийн болон найз нөхдийнхөө эрхийн төлөө дуугарч байгаа хүүхэд бүр хүний эрх хамгаалагч юм. Энэхүү чуулганыг зохион байгуулсан болон дэмжин ажилласан байгууллагуудад баярлалаа, хүүхэд бүрийн дуу хоолой сонсогддог, эрх нь хамгаалагдсан сайхан нийгмийг хамтдаа бүтээцгээе хэмээн онцлов.


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов “Хүний эрх хамгаалагч хүүхэд гэж хэн бэ?” сэдвээр үндсэн илтгэл танилцуулж, хүүхдийн эрх хамгаалал, оролцооны олон улсын чиг хандлага болон хүний эрх хамгаалагч хүүхдийн үүрэг, оролцооны талаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр хүний эрхийг хамгаалахад насны хязгаар гэж үгүй. Хэрэв сургууль дээрээ дээрэлхэлтийн эсрэг зогсож, найзынхаа эрхийг хамгаалж, эсвэл байгаль орчны төлөө дуугарч байгаа бол чи хэдийнээ өөрийнхөө болон бусад хүүхдүүдийн эрхийг хамгаалж буй хүний эрх хамгаалагч болсон байна хэмээв. Мөн Child.mn сайтын үүсгэн байгуулагч, хүүхдийн эрхийн сэтгүүлч А.Уянга “Эрхийн төлөөх оролцоо, анхаарах асуудал”-ын талаар мэдээлэл өгч, “Нөлөөлөгч хүүхдүүд” үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаар Монголын хүүхдийн зөвлөлийн тэргүүн Б.Дашням, “Байгаль орчин хамгаалагч хүүхдүүд” сэдвээр МСДТ-ийн зохицуулагч А.Оюундарь нар илтгэл танилцууллаа. Мөн Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн хөтөлбөрийн дэргэдэх бүжгийн хамтлаг, дуучин М.Мичидмаа, бяцхан илбэчин О.Төгсбаяр нар чуулганд оролцогч найзууддаа урлагийн мэндчилгээ дэвшүүллээ.


Хөтөлбөрийн дагуу 4 бүлэгт хуваагдан үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд ментороор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан оролцож, “Эрхээ идэвхжүүлэгч хүүхдүүд “Хүүхдийн эрх, оролцоо” сэдвээр, Хөөрхөн Зүрх ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь “Хүчирхийллээс ангид хүүхдүүд “Жендэрт суурилсан хүчирхийлэл ба хүүхдийн эрх”, Цагдаагийн Ерөнхий газрын урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн Ц.Эрдэнэтулга “Нөлөөлөгч хүүхдүүд, үе тэнгийн дээрэлхэлт”, Монголын сайн дурынхны төвийн зөвлөх Б.Цэвэлмаа “Байгаль орчин хамгаалагч хүүхдүүд” сэдвээр тус тус хүүхдүүдтэй хамтарч тэдний дуу хоолой, оролцооны ач холбогдол болон үе тэнгийн нөлөөллийн талаар нээлттэй ярилцан чиглүүлж, уриалга гаргахад дэмжлэг үзүүллээ.
Чуулганд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 200 сурагч, эцэг, эхийн төлөөлөл оролцсон юм.
Чуулганы онцлох хэсгүүд: “Human Library” – бодит туршлага, түүхээс суралцах амьд номын сан “Graphic Recording” – хүүхдийн дуу хоолойг зураг, комикс хэлбэрээр илэрхийлэх бүтээлч орчин “Manifesto” – хүүхдүүдийн зөвлөмжийг тунхаг бичиг болгон батлах “Action Zone” – ирээдүйн өөртөө захидал бичих, фото булан, сайн дурын хөдөлгөөнд нэгдэх боломж юм.
Энэхүү чуулган нь хүүхдүүдэд хүний эрх хамгаалагчийн мэдлэг олгож, өөрийн болон үе тэнгийнхнийхээ эрхийг хамгаалах идэвхтэй оролцогч, хүний эрх хамгаалагч болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа бөгөөд 2026 оны 3,4 дүгээр улиралд “Хүний эрх хамгаалагч хүүхдүүд” сургагч багш бэлтгэх, тэдний оролцоог өргөжүүлэх чиглэлээр үргэлжлэх болно.







