
Мод тарих нь орчноо ногооруулахаас гадна ирээдүй үедээ үлдээж буй үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Олон наст ургамал учраас таны тарьсан модыг үр хүүхэд, ач зээ нар тань “эмээ, өвөөгийн тарьсан мод” хэмээн дурсах боломжтой байдаг. Тиймээс мод тарихаасаа өмнө зөв төлөвлөлт хийх нь хамгийн чухал алхам гэдгийг зөвлөж байна.
Талбайн зохион байгуулалтаа эхэлж төлөвлөх хэрэгтэй
Анхлан мод тарьж байгаа хүмүүс хамгийн түрүүнд талбайнхаа зохион байгуулалтыг гаргах шаардлагатай. Ямар төрлийн модыг хаана тарих, ямар зориулалтаар тарих вэ гэдгээ урьдчилан бодох нь чухал байдаг.
Жишээлбэл өндөр ургах модоо байшин, барилгын нар хаахгүй хэсэгт байрлуулах, үнэртэй, цэцэглэдэг мод сөөгийг амралтын талбай, цонхны орчимд тарих, өргөстэй ургамлыг хүүхдийн тоглоомын хэсгээс хол байршуулах, намхан болон өнгө үзэмжтэй ургамлыг зам дагуу, үүд орчимд төлөвлөх зэрэг нь орчны зохицолд нөлөөлдөг.
Байшингийн өнгө, загвартайгаа зохицуулах нь чухал
Мод, сөөг нь айл өрхийн гадна орчны дизайны нэг хэсэг болдог. Тиймээс байшингийн өнгө, хэлбэр, орчны хэв маягтайгаа зохицсон мод ургамал сонгох хэрэгтэй.
Мөн зун навч нь ямар өнгөтэй болох, намар өнгө хувирах эсэх, хавар хаанаас эхэлж цэцэглэх, ямар үнэр ялгаруулах зэрэг нь орчны уур амьсгалд нөлөөлдөг байна.
Зөв сорт сонгох нь урт хугацааны хөрөнгө оруулалт
Тухайн бүс нутгийн уур амьсгалд тохирсон сорт сонгох нь хамгийн чухал. Хүйтэн, хуурай нөхцөлд тэсвэртэй эсэх, усалгаа хэр шаарддаг, ямар хөрсөнд ургах вэ гэдгийг судалж тарих хэрэгтэйг судлах нь зүйтэй.
Модонд арчилгаа хамгийн чухал
Мод нь амьд организм учраас тогтмол арчилгаа шаарддаг. Тарьсны дараа усалгаа, бордоо, тайралт, өвөлжилтийн хамгаалалт, хортон шавжийн хяналт зэрэг арчилгааг үе шаттай хийх хэрэгтэй байдаг.
Ингэснээр мод эрүүл ургаж, олон арван жилийн турш орчноо чимж, үр өгөөжөө өгөх боломжтой юм.








