
Өнгөрсөн онд нийслэлийн хэрэгцээнд 5017 тонн мах нөөцлөн бэлтгэсэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлт болж байна. Өмнөх жилүүдэд нийслэлийн хэмжээнд 12 мянга хүртэлх тонн мах бэлтгэж байсан тохиолдлууд бий.
Мах бэлтгэлийн хугацаа хожуу таарсан нь зах зээлд сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзэж байна. Тодруулбал, иргэдийн идшээ бэлтгэж, Цагаан сарын бэлтгэл эхэлдэг үетэй давхцан нийслэлийн нөөцийн махыг аж ахуйн нэгжүүд зэрэг бэлтгэсэн нь махны хомсдол үүсгэж, үнийн өсөлтөд нөлөөлсөн.
Үүнээс гадна шатахууны үнэ өссөн нь махны нийлүүлэлтийг бууруулж, улмаар энэ оны эхэнд махны суурь үнэ 20 мянган төгрөгөөс эхэлсэн байна. Түүнээс хойш сар бүр тодорхой хэмжээгээр нэмэгдсээр өнөөгийн үнийн түвшинд хүрлээ.
Мэргэжилтнүүдийн зүгээс экспортын чиглэлтэй мах бэлтгэдэг аж ахуйн нэгжүүд болон дотоодын хэрэглээний мах бэлтгэлийн хугацааг зохицуулах шаардлагатай гэж үзэж байна. Тодорхой хугацаанд нийслэлийн болон экспортын махыг тус тусад нь бэлтгэж, бусад үед чөлөөтэй нийлүүлэлт хийх боломжийг бүрдүүлэхгүй бол эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдаж, үнийн савлагаа үргэлжлэх эрсдэлтэйг анхаарууллаа.
Энэхүү асуудалтай холбоотойгоор холбогдох байгууллагуудаас үүрэг, чиглэл өгч, дараагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийх, цаашдын бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж эхэлжээ.
Видео үзэх линк:







