
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ сарын 19-ний өдөр М банк аренад хөшгөө нээх тус тэмцээнд өрсөлдөх Олон улсын баг тамирчдын түрүүч манай эх оронд ирээд байна.
Өчигдөр буюу 05 дугаар сарын 14-ний өдөр Тайланд, Филиппин, Сингапур улсын баг тамирчдын түрүүч Монгол Улсад ирсэн.

Баг тамирчид хамтарсан бэлтгэл хийх ажээ.


Бид Монголын Таеквондогийн холбооны Гүйцэтгэх захирал, МУГД Н.Эрдэнэбаатартай ярилцлаа.


Монгол Улсад таеквондогийн спорт үүсэж хөгжсөний 35 жилийн ой тохиож байна
-Сайн байна уу? Энэ онд Монгол Улсад чансааны оноо олгох, өргөн хүрээний зохион байгуулалттай Олон улсын 8 том тэмцээнийг зохион байгуулна. Үүний нэг нь Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн юм. Бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?
-Ази тивийн АШТ маш онцлогтой болно. Монгол Улсад таеквондогийн спорт үүсэж хөгжсөний 35 жилийн ой бас тохиож байна. Энэ удаагийн тэмцээнд Азийн 43 улсын 1318 тамирчин, албаны хүмүүс, шүүгч нар оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн. Бэлтгэл ажил нэлээн хангагдсан.
-Энэ удаагийн тэмцээний онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Парисын олимпын дараа болж буй Ази тивийн хамгийн өндөр оноотой тэмцээн буюу 2 жилдээ нэг удаа болдог. Энэ удаагийн тэмцээний онцлог нь 3 төрлөөр явагдаж байна.
- Пүмсэ буюу топ дасгал
- Тулаан
- Пара гэсэн 3 төрлөөр Ази тивиийн медальтнууд тодорно.
Ялангуяа парагийн төрлөөр анх удаагаа Монгол Улсад тэмцээн болохоороо онцлогтой. Онцлоод хэлэхэд олимпын одоо Ази тивийн хамгийн өндөр оноо олгохоос гадна Азийн наадмын эрх олгож учраас маш их өргөн бүрэлдэхүүнтэй олон улсын тамирчид хамрагдаж байна гэж үзэж байгаа.


Азийн АШТ-ний үеэр парагийн төрлийн өрсөлдөөнийг анх удаа зохион байгуулах болсон нь онцлог
-Азийн наадамд өрсөлдөх баг тамирчид эндээс тодрохнээ?
-Тийм. Энэ оны 9 дүгээр сард Японы Нагояа мужид “Бага олимп” буюу Азийн наадам болно. Мэдээж Азийн наадам нь олимпын өмнөх маш том сорилго өрсөлдөөн болж өгнө. Ерөнхийдөө бид нар Лос Анжелес олимпод ямар түвшинд, ямар төрлөөр амжилт гаргах нь вэ гэдэг дүр зураг ерөнхийдөө харагдана. Тэр ч үүднээсээ бид нар яг энэ циклд энэхүү том тэмцээнийг авснаараа бас манай тамирчид цаашид Лос Анжелесийн олимпт хэрхэн өрсөлдөх ур чадвар буй өнгө төрх нь мэдэгдэнэ. Өмнө нь бид нар парагийн төрлөөрөө өндөр амжилт үзүүлсэн. Энэ амжилтаа бататгана. Олимпын таеквондогийн тулааны төрлөөр Риогийн олимпын наадамд П.Тэмүүжин маань орсноос хойш энгийн төрөл хараахан эрхээ аваагүй байгаа. Иймээс бид нар Лос Анжелесийн олимпт бүр өргөн бүрэлдэхүүнтэй эрхээ авахын төлөө хичээж байна. Манай шинэ залуу тамирчдаа нутагтаа эх орондоо болж байгаа энэ тэмцээнд өргөн хүрээтэй, сайн оролцуулах гол зорилго явж байна.
Нэмээд хэлэхэд спортын том тэмцээн уралдааныг дагаад Монгол Улсад оруулж байгаа эдийн засгийн үр өгөөж ихтэй байдаг. Бид нарын урьдчилсан тооцоогоор 1000 хүн ирэхэд 1 сая доллар шууд болон шууд бус хэлбэрээр орж ирэх болов уу. Жишээ нь, зориод ирсэн 1 тамирчны байр, хоол, өдөрт гарах зардал нь 7 хоноход л чамгүй болж ирнэ.


Монгол Улсад 15 мянга орчим хүүхэд, залуус таеквондогийн спортоор хичээллэдэг
-Баг тамирчдын түрүүч 14-нөөс иржээ. Хамтарсан бэлтгэл хийх үү?
-Манай улс чинь өндөрлөг газар байрладаг учраас үүнтэй уялдуулаад түрүүлж ирсэн баг тамирчид хамтарсан бэлтгэл хийнэ. Хамгийн олон тамирчны бүрэлдэхүүнтэй улс орны багууд зорьж ирнэ. Тухайлбал, Ираны тамирчид 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирж байна. Монгол Улсад ер нь өмнө нь болж байсан спортын тэмцээнүүдэд тэр бүр ирж байгаагүй Зүүн Тимор, Бруней гэх мэтчилэн шинэ орнууд зорин ирж байгаа учраас нэлээн онцлогтой тэмцээн болж байгаа.
-Өөрөө тамирчин байсан. Одоо холбоогоо удирдаад мөн Олон улсын шүүгчийн албыг хашдаг. Тэгэхээр энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулах эрхээ авахаас эхлээд чамгүй ажил зарцуулсан болов уу?
-Миний хувьд би тамирчин байхаасаа хойш эх орондоо ийм тэмцээн хийнэ гэдэг маш том мөрөөдөлтэй байсан. 35 насандаа энэ мөрөөдөл маань биелж буй нь маш сайхан байна. Тэгээд үүнээс гадна Олон улсын шүүгчээр ажилладаг. Тэгээд шүүгчээр явж, олон найз нөхөд, олон улсын хүмүүстэй танилцсаны үндсэн дээр энэ удаагийн ААШТ-д Дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгчийг зочноор урьсан. Азийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч мөн “Авьяаслаг Америкчууд” шоуны Алтан баззерын эзэд болсон Дэлхийн таеквондогийн холбооны үзүүлэх тоглолтын баг ирж байгаа нь онцлог.
Таеквондогийн спортын Дэлхийн томчуудын тоглолтыг Монголын олон хүүхэд залуучууд, ард түмэндээ үзүүлэх болсондоо сэтгэл маш догдолж байна. Үүнийг үзүүлэхээр таеквондогийн спорт дэлхийд ямар түвшинд хөгжчихсөн байгаа нь шууд л харагдана.
-Дэлхийд энэ спортоор хэдэн хүн хичээллэдэг вэ?
-Дэлхийд 214 орны 150 сая гаруй хүмүүс Олимпын таеквондогийн спортоор хичээллэж байна. Азийн АШТ-д шилдгүүд чуулах учраас үүнийг дэргэдээс нь 8 хоногийн турш үзэх боломж бидэнд бий болно гэдэг нь гайхалтай.
-Тэмцээнийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүний тухайд сонирхоё?
-Шүүгч нарын бүрэлдэхүүнд 30 улсын нийт 45 олон улсын шүүгч нар ажиллана. Харин манай улсаас 3 монгол шүүгч ажиллана. Одоо манай олон улсын шүүгч Лхагвадорж, Уянгаа, Түмэнжаргал гээд манай 3 монголын шүүгч нар энэ тэмцээнд дэнслэнэ. Бас нутаг дээрээ зохион байгуулж байгаа нь бид нарт маш их давуу чанар олгож байна.
-Монгол Улсад таеквондогийн спортоор хэдэн хүн хичээллэдэг вэ?
-Монгол улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүрэгт нийт 15 мянга орчим хүүхэд залуучууд хичээллэж байна. Бид нар таекводогийн спортоор хөдөө орон нутагт хичээллэдэг Ховд, Баян-Өлгий зэрэг алслагдсан аймгаас тамирчин хүүхэд, залуучууд ирж үзэх тасалбарыг өгч, бодлогоор дэмжин ажиллаж байгааг дуулгая.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлага үзэх линк:







