
Н.Өсөхбаяр: Наадмын амжилтын тухайд Арбитр яаж шийдсэнийг бичгээр гарсны дараа харж байж л болъё

Өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд найман даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн. Улмаар Ерөнхийлөгч түүнд олгосон”гарди” цолоо хураан авах зарлиг гаргасан юм. Тэгвэл түүний хувьд Спортын арбитрын шүүхэд гомдол гаргаад байсан билээ. Энэ сарын 11-ний өдөр буюу өнгөрөгч даваа гарагт аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын өргөдөлтэй допингийн маргааныг шийдвэрлэх Спортын арбитрын шүүх хурал болж, шийдвэрийг танилцуулсан.
Тодруулбал, түүнээс допингийн шинжилгээ авахдаа Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага олон улсын журам, стандартаас илт гажсан гэж үзсэн.
Н.Өсөхбаяр: “Гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ. Сэтгэлээсээ оролцож, юуны өмнө бас өдөржингөө хүлээсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд намайг дэмжиж, надад үргэлж урмын үг хайрлаж байсан Монгол бөхдөө хайртай ард түмэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд миний хувьд яг тулгамдаад байгаа болохоор хэлэх үг олдохгүй байна. Тэгээд маш их баярлалаа л гэж хэлмээр байна. Монголын Допингийн Эсрэг үндэсний төвийн С.Зүчийн гаргасан яг тухайн шинжилгээний болон шийдвэрүүдийг хүчингүйд тооцож байгаа шийдвэр гаргалаа. Цаашид спортын арбитрын шүүхээс гаргасан шийдвэр албажиж, бичгээр гарахаар болно.
Ямар ч байсан процессын алдаа байна, тээвэрлэлттэй холбоотой асуудлууд байна гэдэг нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийн шаардлагын хүрээнд хангаж шийдэж байна. Тэгээд бичгээр гарахаар илүү дэлгэрэнгүй болох байх. Наадмын амжилтын тухайд Арбитр яаж шийдсэнийг бичгээр гарсны дараа харж байж л болъё.” гэв.


Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын допингийн шинжилгээ өгсөн дээж тээвэрлэх, зөөвөрлөлтөд алдаа гарах эрсдэл бий эсэх талаар Судлаач, хүний их эмч Н.Цогтсайханаас дараах тайлбарыг авлаа.
Судлаач, Хүний их эмч Н.Цогтсайхан: Допингийн шинжилгээний “тээвэрлэлт” бол тамирчны дээжийн аюулгүй байдал, нууцлалыг хамгаалах хамгийн чухал шатны нэг.
-Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай хууль дээр заасны дагуу шинжилгээ өгөх үүрэгтэй тамирчин. Өөрөөр хэлбэл хамгийн эхний шат болох шинжилгээнд хамрагдах тамирчныг сонгох гэдэг.
Амйгийн хурц арслан Н.Өсөхбаяр бол яахын аргагүй допингийн шинжилгээ өгөхөөр сонгогдоно. Яагаад гэхээр энэ тамирчин үзүүр, түрүүнд үлдсэн. Үндэсний их баяр наадмын хуулинд заасанчлан 4-өөс дээш давсан бөхчүүд шууд шинжилгээнд орох үүрэгтэй гээд заачихсан.
Спортын арбитрын хурлын шийдвэрээс харахад “тээвэрлэлт” гэдэг бол тамирчны дээжийн аюулгүй байдал, нууцлалыг хамгаалах хамгийн чухал шатны нэг. Яг энэ тээвэрлэлтийг задлаад яривал тэмцээний байр спортын төв ордон ч юмуу, эсвэл энэ тохиолдолд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Монголын допингийн эсрэг байгууллагын оффис хүртэл тээвэрлэх нэг шат. Харин цаашлаад оффисоос 2 янзаар явуулж болно. Нэг нь буухиа шууданд өгөөд явуулж болно, нөгөө бол тус төвийн албан ёсны хүн биеэрээ авч очоод, лабораторид хүргэх ийм хоёр шийдэл байдаг. Үүн дээр л алдаа гарсан гэж Спортын арбитрын шүүх үзсэн гэж би ойлгосон.
Уг шүүх хурлын явцыг олон нийтэд шууд дамжуулсан мөн онлайнаар нийтэд илэрхий эх сурвалж болчихсон учраас төрсөн бодлоо хэлье. Яагаад ингэж дүгнэсэн бэ гэхээр Төв цэнгэлдэх хүрээлэнгээс тамирчны дээжийг Допингийн эсрэг байгууллагын оффист авчирсан. Тухайн тамирчнаас допингийн шинжилгээ авахаас эхлээд Допингийн эсрэг дүрмийн дагуу форум дээр тус үйл ажиллагаанд гар бие оролцож буй хүний гарын үсэг, мөн тамирчны гарын үсэг ч бий.
Н.Өсөхбаярын допингийн шинжилгээг Допингийн эсрэг төв дээр ирэнгүүт нь хүлээж авчихсан хүний гарын үсэг бас тодорхой байсан гэж ойлгосон. Эндээс Германы Дрездений лаборатори луу авч явсан хүний мэдээлэл тодорхойгүй байсан гэдэг нь тогтоогдсон юм билээ.
Тодруулбал, тамирчнаас сорьц авахдаа:
- Тамирчныг албан ёсоор дуудан мэдэгдэх
- Шинжилгээ авах ажилтан тамирчныг байнгын хяналтад байлгах
- Сорьцыг зориулалтын саванд хийх
- А болон В сорьц гэж хоёр хэсэгт хуваах
- Коджуулж битүүмжлэх
- Хэн, хэдэн цагт авсан талаарх бүртгэлийг нарийн хөтлөх
- Тээвэрлэлтийн үеийн нөхцөл, температурыг хянах зэрэг олон шат дамжлага мөрдөгддөг.


Допингийн шинжилгээ мөрдөн шалгалтын стандартын 8 дугаар бүлгийн дагуу зохицуулалтаар явдаг. Энэ бүлгийн дагуу зохицуулах учраас хадгалалтын сүлжээний форум буюу олон улсад “chain of custody” буюу сорьц хэний хяналтад, ямар дарааллаар шилжсэн талаарх хяналтын хэлхээ гэж үздэг. Хэрэв уг хэлхээ тасарсан, бичиг баримт дутуу, хадгалалт алдагдсан, эсвэл журам зөрчсөн нь тогтоогдвол тухайн сорьцын найдвартай байдалд эргэлзээ үүсдэг байна. Арбитрын комисс яг энэ үндэслэлээр Н.Өсөхбаярын сорьцын үр дүнг хүчингүйд тооцох нөхцөл бүрдсэн гэж үзсэн байналээ.
Тодруулбал, МОНАДА-гийн оффисоос хэрхэн, яаж Германы лабораторид хүргэсэн, ажилтанд өгсөн бэ гэдэг энэ дундах зам нь тасарчихсан, тодорхойгүй байгаа гэж би өмгөөлөгч болон арбитрын бүрэлдэхүүн, гэрчийн мэдүүлэг зэргээс ойлгосон. Дүрмээр юу гэж заасан байдаг вэ гэхээр шинжилгээ мөрдөн шалгалтын олон улсын стандартын аль нэг үе шат, тамирчин сонгох юм уу, шинжилгээ дээж авах юм уу үгүй бол эдний аль нэг нь илэрхий зөрчилтэй байвал энэ дээжийн нууцлал алдагдсан, аюулгүй байдал алдагдсан гэж үзээд зөрчил хэмээн үздэг.
Гуравдугаарт лабораторийн стандартуудыг зөрчсөн эсэхийг шалгах ёстой. Ингээд энэ 3-ыг шалгаад аль нэг нь илэрхий гажилттай, зөрчилтэй байвал тамирчны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шууд зогсоодог.
Н.Цогтсайхан: Допингийн эсрэг дүрэм болон түүний стандарт гэдэг чинь манай допингийн шинжилгээ авахтай холбоотой Үндсэн хууль гэсэн үг
Допингийн эсрэг дүрэм болон түүний стандарт гэдэг чинь манай допингийн шинжилгээ авахтай холбоотой Үндсэн хууль гэсэн үг. Даваа гаргат гаргасан Спортын арбитрын шүүхээс Н.Өсөхбаярын талд шийдээд ч юм уу, допингийн шинжилгээний хариуг хүчингүй болголоо гэсэн үг бол биш.
Зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд лабораторийн шинжилгээг хүчингүй болгожээ гэж мэдээлээд байсан. Энэ бол лабораторийн шинжилгээг хүчингүй болгосон утга бол биш.
Н.Цогтсайхан: Н.Өсөхбаяраас дээж авах процессыг тэр чигт нь хүчингүй болгосон үйлдэл
Хэрвээ ямар нэгэн тохиолдолд тухайн тамирчны допингийн шинжилгээнд өгсөн дээжийг тээвэрлэх, зөөвөрлөх, хүргэлт хийхдээ нээлттэйгээр мэдээлэх эсвэл хүний гар дамжсан тохиолдолд өөрөөр хэлбэл МОНАДА-гийн ажилтан Берлиний онгоцны буудал дээр буугаад Дрезденийг зорих галт тэргэнд суухдаа өөр хүнд өгсөн бол тэрийгээ бас Допингийн шинжилгээ авах стандартын дагуу нөгөө форум дээрээ бөглөж байх ёстой. Тамирчны дээжийг лабораторид хүргэх бүх цаг үед найдвартай, аюулгүй байсан гэдгийг тэр форум гэрчилдэг байхгүй юу.
“Дээжийг үнэлэхээс өмнөх заавал хийх ёстой 2 том үе шат алдаатай байжээ”
Алдаатай байсан учраас энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоосон юм байна аа гэж ойлгосон. Хэрэвзээ дээж авах байгууллага буюу шинжилгээний байгууллага манай тохиолдолд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага. Энэ байгууллага яг дүрэм журмынхаа дагуу дээжээ аваад процессын ямар ч алдаагүй гүйцэтгэвэл ийм сонин юмаар тамирчин зөвтгөх өөрөөр хэлбэл хуулийн цоорхойг нь ашиглаад цоорхойгоор нь тамирчин гараад явах ямар ч боломжгүй болно. Ийм тохиолдолд тамирчин тэр бодис яаж яваад өөрийнх нь биед орчихсон юм бэ гэдэг шинжлэх ухааны нарийн нотолгоо хүртэлх тийм хэмжээний маргаан Спортын арбитрын шүүх хурал дээр өрнөх байлаа. Үүнийг би харахдаа тамирчны өмгөөлөгч, үйлчлүүлэгчийнхээ хүслийн дагуу бүх боломжит хуулийн цоорхойг ашиглаж, байж болох бүх гарц гаргалгааг ашиглаж тэмцэх нь тодорхой. Энэ үүргийг маш сайн хийсэн байх гэж бодож байгаа.
Нөгөө талаасаа манай допингийн эсрэг байгууллага дахиж битгий процессын ийм алдаа гаргаасай. Удахгүй Үндэсний их баяр наадам дөхөж байна. Энэ байдлаар ажиллавал дахиад л ийм асуудал гарна. Ингээд байхаар тамирчинд ч тэр, бөхчүүдэд ч тэр маш их хохиролтой. Яагаад гэхээр тамирчныхаа карьерын хувьд дор хаяж 4 жил алдчих гээд байдаг. Тэгээд үндэсний бөхийн том цол гэдэг чинь асар их олон өдөр, сар, хоногийн бэлтгэл сургуулилт, их зүйлийн хөлс хүч хөдөлмөр шаарддаг, золиос ч энэ хэрээр гаргах тохиолдол бий. Зүгээр нэг начин цол биш шүү дээ. Харцага байтугай Заан цол ч биш. Тийм учраас энэ өндөр цолонд хүрэхийн тулд тамирчин хэр зэрэг хэмжээний хөдөлмөр гаргасан бэ гэдэг чинь тодорхой. Тэгэхээр тэр хүн мэдээж цолтойгоо үлдэхийг хүсэж л таарна. Тэгэхээр өөртөө байгаа бүх боломжоо Н.Өсөхбаяр ашигласан байна. Миний хувьд тэр дундаа судлаач хүний хувьд хэлбэл манай одооны залуус маш өөр сэтгэлгээтэй болж байна.
Өөрийнхөө төлөө дуугарч байна, тэмцэж чадаж байна. Энэ нь л шинэ эрэлт, бас ололт гэж харж сууна даа.
Ярилцсанд баярлалаа.


Эцэст нь сэтгүүлч дүгнэх эрх үгүй ч энэхүү ярилцлагынхаа төгсгөлд хэдэн үг хэлхье. Монгол Улсын биеийн тамир, спортын тухай хууль 2025 онд шинэчлэгдэн батлагдсан. Уг хуулийг та бүхэн БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛЬ энэхүү хаягаар ороод уншаад, судлаад үзээрэй.


Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулаагүй үндэсний спорттой холбогдсон бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” хэмээн заачихсан. Ингээд хуулиндаа заагаад өгчихсөн учраас Монгол Улс спортын салбартаа Дэлхийн Допингийн Эсрэг дүрэм журмыг мөрдөн ажиллана хэмээн бас л амлалтаа өгчихсөөн гэсэн үг.
Тэгвэл Үндэсний бөх спорт гээд хуулиндаа заачихсан учраас шударга л өрсөлдөх хэрэгтэй. Нэг талдаа допинг хэрэглэсэн тамирчин ядрахгүй, цуцахгүй, хүч бяр нь дийлдэхгүй яг л робот машин болсон учраас хэр баргийн өрсөлдөгч түүнийг тийм амар ялж чадахгүй.
Нөгөө талдаа шударгаар бэлтгэл сургуулилт хийж, цэвэр бор зүрхээрээ, жинхэнэ эр бяраар өрсөлдөж байгаа тамирчны олон жилийн хөдөлмөр нь талаар болоод хохироод үлдэж байгаа гэсэн үг. Иймээс л спорт бол шударга л байх ёстой гэсэн зарчмыг баримтлах нь хаа хаанаа “Шударга” бас “Үнэн”.
Та бүхэнд спортын талбарт болсон допингтой холбоотой олон бодит жишээнээс зөвхөн нэгийг нь л энд онцлон хүргэе.
“Лондон 2012” олимпын наадмын чөлөөт бөхийн 120 кг-ийн жинд Узбекистаны нэрийн өмнөөс барилдаж алтан медаль зүүсэн Артур Таймазов допингийн шинжилгээнд бүдэрсэн.


Түүний сорьцод хийсэн дахин шинжилгээгээр туринабол хэмээх хориотой бодис илэрсэн юм. Лондонгийн олимпын тус жингийн мөнгөн медаль хүртсэн Гүржийн тамирчин Давит Модзманашвили мөн л допингийн шалгалтад бүдэрснээр медалиа хураалгасан. Харин хүрэл медалийг Оросын Билял Махов, Ираны Комейл Гасеми нар хүртсэн юм. Тэгвэл Олон Улсын Олимпын хорооноос хүрэл медаль хүртсэн хоёр тамирчинд алтан медалийг олгож, Артур Таймазовын алтан медалийг хураана гэдгээ 2019 онд мэдэгдээд байсан билээ.
Энэ бол спортын “Шударга зарчим”. Тэгвэл Монгол Улсын Үндэсний их баяр наадмаар ард олноо цэнгүүлэн баясгадаг бөхчүүдээс допинг илэрсэн нь батлагдвал шууд л цолыг нь хурааж, дараагийн бөхөд өгөх ёстой цолыг нь гардуулах нь зөв.
Харин Үндэсний бөх спорт биш, зөвхөн ард олноо цэнгүүлэн, Монгол өв соёлоо тээгч, дахин давтагдашгүй уламжлалаа хадгалан түүчээлэгч юм бол Их спорттой дүйцүүлж яанам…
Өв тээгчээр Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн бөхчүүдийн цол гуншинг тэгвэл Соёлын Гавьяат Зүтгэлтэн болгож өөрчилье л дөө. Ингэсэн нь “Шударга” байхыг, ил тод өрсөлдөхийг уриалдаг “Спортын талбарт яв цав нийцнэ”…
Нөгөөтэйгүүр интернэт хөгжчихсөн эрин үед хүн бүр л хэдхэн товчлуур дараад л сонирхсон, хайсан мэдээ мэдээллээ авчихад хангалттай олон эх сурвалжууд бий. Монголчууд бидний хэлж заншсан, сүүлийн үед эрчимтэй хэрэглээндээ нэвтрүүлээд буй ChatGPT ч байна. Ер тэгээд захын хүн л интернэт орчноос хүссэн, сонирхсон мэдээ мэдээллээ авч, зөв ойлголтыг авахад хангалттай нээлттэй болсон сайхан цаг үе. Тамирчин та энэ эм, тариаг хэрэглэвэл хоруу чанар нь байдаг уу, хориглосон жагсаалтад багтсан бодис уу, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юу? гээд л асуугаад, болохгүй бол хэл устай хүнээр орчуулуулаад мэдээд авахад гэмгүй л дээ.
Дээр нь нэмээд хэлэхэд жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдөр WADA буюу Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас хориглосон бодисын жагсаалтаа шинэчлэн баталдаг. Ингэхдээ дэлхий нийтэд нээлттэйгээр зарлаад, шинэчлэн баталсан жагсаалтаа олон нийтэд зарлачихдаг. Raising the game for clean sport | World Anti Doping Agency Энэ албан ёсны ВАДА-гийн хаяг руу нэвтрээд л хүссэн мэдээллээ мөн хориглосон бодисын жагсаалтыг мэдэхэд ямар ч асуудал байхгүй. Харин хүн өөрийнхөө төлөө өөртөө л анхаарах, ирээдүйн эрүүл мэндийнхээ төлөө эзэн нь байх л чухал. Одоо аль болгон л …хүмүүс намайг хорлочихлоо, …гадны нөлөө байна гэж ярьж, санаатайгаар олон нийтийн тархийг төөрөгдүүлөн угааж, хагаралдуулах вэ дээ…







