
Энэхүү хуулийн төсөл нь хөдөлмөрийн харилцаанд орж буй оюутнуудын эрхийг хамгаалах, төрийн бодлогын оролцоог тодорхой болгох, ажил олгогчдыг дэмжих, урамшуулах, мөн дадлагажих хөтөлбөрийг нэвтрүүлэх зэрэг асуудлыг цогцоор нь зохицуулах зорилготой юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир “Би өөрөө оюутан байж үзсэн хүн. Тэр үедээ цагийн ажил хийж, өөрийн хөдөлмөрөөр мөнгө олох нь үнэ цэнтэй санагддаг байсан. Тиймээс оюутнуудын хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжих хэрэгтэй гэж боддог.
Гадаадын орнуудад оюутнууд долоо хоногт 20 хүртэл цаг ажиллах боломжтой, тодорхой зохицуулалттай байдаг. Харин манай улсад оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хууль эрх зүйн орчин сул байгаа нь оюутан болон ажил олгогч талд аль алинд нь хүндрэл үүсгэдэг.
Манай ажлын алба энэхүү хуулийн төсөл дээр жил гаруйн хугацаанд ажиллаж байна. Судалгаа, дүгнэлтийг гурван үе шаттайгаар хийж, оюутнуудад яг ямар асуудал тулгарч байгааг, мөн аж ахуйн нэгжүүдэд ямар хүндрэл үүсэж байгааг судалж байгаа.


Мөн нэг том асуудал нь нийгмийн даатгалын шимтгэл. Оюутан хэдхэн хоног, түр хугацаанд ажилласан ч НДШ төлөх шаардлага үүсдэг нь оюутан болон ажил олгогчид санхүүгийн дарамт болж байна. Хэрэв оюутнуудыг НДШ-ээс тодорхой хэмжээнд чөлөөлөх зохицуулалт хийвэл оюутнуудын гар дээр авах орлого нэмэгдэж, аж ахуйн нэгжүүд ч цагийн ажилтан авах сонирхолтой болно. Ингэснээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна” хэмээн онцоллоо.


Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Б.Түвшин, Отгонтэнгэр их сургуулийн захирал Н.Энхзаяа, ОТИС-ийн Эрх зүйн сургуулийн захирал С.Эрдэнэболор, ажил олгогчид болон оюутан залуусын төлөөлөл оролцож, суралцахын зэрэгцээ ажил хөдөлмөр эрхлэхэд тулгардаг хүндрэл, боломжийн талаар санал бодлоо илэрхийллээ.


Өнөөдөр технологийн хурдацтай хөгжил, менежментийн шинэ шийдлүүдийн нөлөөгөөр байнгын ажлын байрны бүтэц өөрчлөгдөж, улам бүр цөөрч байна. Ийм нөхцөлд хөдөлмөрийн харилцааг зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах боломжгүй болсон. Тиймээс оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бие даасан эрх зүйн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй” хэмээн онцоллоо.


Тэрбээр “Оюутан нас бол зөвхөн мэргэжил эзэмших үе биш. Ирээдүйн амьдралын хэв маяг, сахилга хариуцлага, хөдөлмөрийн дадал төлөвшдөг хамгийн чухал үе байдаг. Тиймээс залуус эрүүл амьдралын хэв маягийг сонгож, цаг хугацаагаа зөв зүйлд зарцуулж, өөрийгөө хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Ингэж байж эрүүл, зөв хандлагатай, чадварлаг хүний нөөц бэлтгэгдэнэ” хэмээн хэллээ.









