
Монгол Улсын Засгийн газар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллөө УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж байна.



Албан ёсны тайлбар нь “макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах”, “эрсдэлийг удирдах”, “өсөлтийг дэмжих” гэсэн агуулгатай. Гэвч баримт бичгийн дотоод логикийг задлаад харвал нэг том зөрчил анзаарагдаж байна.
Нэг талд нь геополитикийн эрсдэл, шатахууны үнийн өсөлт, инфляц, ханшийн дарамт, нийлүүлэлтийн сүлжээний доголдол зэрэг эдийн засгийг савлуулах хүчин зүйлсийг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн атлаа нөгөө талд нь эдийн засгийн өсөлт тогтвортой 6 орчим хувь байна гэж өөдрөгөөр төсөөлжээ.
Энэ нь эдийн засгийн бодит нөхцөлөөс илүү улс төрийн мессеж давамгайлсан төсөөлөл байж болзошгүй гэсэн хардлагыг дагуулж байна.
Төсвийн хүрээний мэдэгдэлд 2027 онд эдийн засгийн өсөлт 5.8 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд 6.3 хувь байна гэж тооцжээ. Мөн инфляц буурна, өр хяналттай байна, экспорт өснө, төсвийн сахилга хадгалагдана гэсэн ерөнхий дүр зураг гаргасан байна. Энэ бол улс төрийн хувьд хамгийн таатай мессеж.
Ялангуяа 2027 он сонгуулийн цикл рүү орж буй цаг үед “тогтвортой өсөлттэй эдийн засаг” гэсэн дүр зураг нь эрх баригчдад улс төрийн ашигтай харагдана. Гэвч асуулт нь энэ төсөөлөл бодит эдийн засгийн үндэслэлтэй юу, эсвэл улс төрийн өөдрөг зураглал уу?
Эдийн засгийн өсөлтийн гол найдвар уул уурхай хэвээрээ л байна. Тодруулбал нүүрсний олборлолт өснө, экспорт тогтвортой нэмэгдэнэ, түүхий эдийн үнэ өснө гэж үзжээ. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засгийн ирээдүйн төсөөлөл дахин нүүрсний үнээс шууд хамаарч байна гэсэн үг. Гэтэл бодит байдал дээр Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа, үл хөдлөх хөрөнгийн салбар нь агшиж буй, гангийн үйлдвэрлэл буурч байгаа, нүүрсний үнэ савлаж эхэлсэн эрсдэлүүд байсаар байна.
Хэрэв нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй бол өнөөдрийн “өөдрөг төсөөлөл” богино хугацаанд төсвийн цоорхой болон хувирах эрсдэлтэй.
Төсвийн төсөөлөлд 2027 онд инфляц 7 хувь, 2028 онд 6 хувь, 2029 онд 5 хувь хүртэл буурна гэж тооцжээ. Гэвч үүнтэй зэрэгцээд шатахууны үнэ өснө, импортын дарамт нэмэгдэнэ, үйлдвэрлэлийн зардал өснө, геополитикийн эрсдэл өндөр байна гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр тайлбарласан. Энэ нь нэг баримт бичиг дотор хоёр өөр мессеж зэрэгцэж байгааг харуулж байна.
Нэг нь “эрсдэл өндөр байна”, нөгөө нь “үр дүн сайн гарна” гэдэг логик. Гэтэл Монгол шиг импортын хамааралтай эдийн засагт шатахууны үнэ, долларын ханш хоёр инфляцад шууд нөлөөлдөг.
Тиймээс инфляцыг ийм хурдтай бууруулах төсөөлөл бодитой юу гэсэн эргэлзээ эдийн засагчдын дунд бий.
Засгийн газар урсгал зардлыг ДНБ-ий 30 хувиас хэтрүүлэхгүй, өрийг 60 хувиас доош барина, төсвийн суурь тэнцлийг ашигтай байлгана гэжээ. Гэвч сүүлийн жилүүдэд төсвөө тодотгох, урсгал зардлаа тэлэх, халамж, тэтгэмж нэмэх, сонгуулийн шинжтэй зардал өсгөх явдал тогтмол давтагдсан. Тиймээс эдийн засагчид “хууль дээрх сахилга” ба “бодит төсөв” хоёр зөрж байна.
2027-2029 оны төсвийн төсөөлөл үнэхээр эдийн засгийн бодит тооцоолол уу? Эсвэл сонгуулийн өмнөх эдийн засгийг “тогтвортой” харагдуулах, хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгөх, олон нийтэд өөдрөг хүлээлт бий болгох улс төрийн шинжтэй баримт бичиг болж хувирч байна уу?
Учир нь өнөөдрийн бодит байдал экспорт хэдхэн бүтээгдэхүүнээс хамааралтай, инфляц эмзэг, ханшийн дарамт өндөр, геополитикийн эрсдэл нэмэгдсэн, дэлхийн зах зээл тогтворгүй хэвээр байна.
Ийм үед эдийн засгийг хэт өөдрөгөөр төсөөлөх нь богино хугацаанд улс төрийн ашиг авчрах ч урт хугацаандаа төсвийн эрсдэлийг улам нэмэгдүүлэх аюултай.