
Монгол Улс 3,5 сая хүн амтай. Аа, харин бидний хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болсон махны үнэ өдрөөс өдөрт тэнгэрт хадсаар байгаа. Ямар сайндаа л махыг хэрэглээнээсээ хасаж, “Цагаан хоолтон” болоё хэмээн хошигнох вэ дээ…
Угтаа 70 гаруй сая малтай хэмээн яг бодит үнэн эсэх нь үл мэдэгдэх тоо цагаан цаасан дээр хараар дурайж байдаг. Үнэн хэрэгтээ ийм их малын тоо толгойг, хүн амын тоотой харьцуулбал “Мах хүн бүрийн хүсэл бүр мөрөөдөл” болох цаг бишсэн гэлтэй.
Тэгвэл нөгөө талдаа махны үнэ нэмэгдсэн сургаар тахиа, гахайны махны импорт огцом өсөж, үнэ нь ч дагаад нэмэгджээ. Үүнийг иргэдын зарим нь арай “зөөлөн хүчний бодлого” юм биш байгаа хэмээн хардаж буй. Малчдын гар дээрээс мах ямар үнэ ханшаар худалдаа эрхлэгчдийн гарт нийлүүлж буйг сурвалжлахаар өглөө эртлэн Хүчит шонхор худалдааны төвийг зорилоо.

Ингээд дараах сурвалжилгыг бэлтгэлээ. Өвөрхангай аймаг болон Сүхбаатар аймгаас нийслэлийг зорин ирсэн малчдын төлөөлөл дараах тайлбарыг бидэнд өгсөн юм.


Өвөрхангай аймгийн малчин: Хөдөөд бууриа сахиж үлдэх малчдын тоо улам бүр цөөрч байна. Үүнийг дагаад малын тоо толгойг өсгөхөд анхаарах бус харин ч цөөлж, өөрт амраар адууг л голдуу ганц бие залуус адгуулж байгаа нь харамсалтай
-Бид хэдэн хонины махтай хотыг зорин ирсэн. Хонины мах 1кг-ийг 18-21.000 төгрөгийн үнэ ханшаар тооцож, худалдаа эрхлэгчдэд өгч байна. Хаврын нойтон мах л гэхээс зооринд хадгалсан хөлдүү махны үнэ хямд байх шиг байна. Гэхдээ малын тоо толгой багасаад байгаа учраас нийлүүлэлт ховордсон.
Яг үнэндээ 70 гаруй сая малтай орон л гэдэг. Тэр бол бодит тоо биш байх. Хөдөөгүүр малчид банкнаас зээл авах гээд л малын тоо толгойгоо зохиомлоор өсгөдөг байх гэж бодож байна. Сум, аймгийн төвийн айлууд ч малтай болчихсон. Улсын тооллогоор малаа тоолуулаад л байж байдаг.
Бог малаа малчид цөөлөөд л, хэдэн адуугаа л залуус барааддаг болсон доо. Голдуу л гэр бүлгүй, ганц бие малчин залуус адуугаа маллаж байна даа.
Үнэхээр хөдөө мал маллах чанга, хүнд ажил шүү дээ. Хөдөөд малын захад монгол ахуйгаа гээд амьдраад, түүгээрээ мөнгө олох нь чанга болчихсон. Тийм болохоор нийслэлийн иргэд өөрсдөө мал маллаж мэдэхгүй, чадахгүй байж махны үнэ өслөө гэж ярих эрхгүй л болов уу.


Сүхбаатар аймгийн малчин: Малчид банкнаас зээл авах зорилгоор малынхаа тоо толгойг зохиомлоор нэмж бүртгүүлдэг болчихсон
Миний хувьд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас ирсэн. 2 үхэр, 6 адуутай нийслэлийг зорьж ирлээ. Энэ захын ченж нарт авчирсан жаахан махаа хэлсэн үнээр нь өгчихлөө. Үхрийн махаа 1кг-ийг нь 25.500 төгрөг, адууны махаа 1кг-ийг нь 12.000 төгрөгөөр бодоод зарчихлаа. Хөдөөгүүр үхэр ерөөсөө олдохгүй байна. Ер тэгээд хөдөөд мал маллах маш хүнд байна. Энэ өвөл манай аймгийн малчид хэцүүхэн онд мэнд орсон. Зуд турхан, цас ихтэй чанга өвөл байлаа. Байгаль цаг уурын орчин нөхцлөөс шалтгаалан малчид аль болох биеийн амрыг бодож, малын тоо толгойгоо цөөлөхийг эрмэлздэг болчихсон. Учир нь аав, ээжийгээ, бас ах, эгчийгээ залгаж, мал маллах залуусын тоо улам л цөөрч байна. Дандаа л ганц бие, гэр бүлгүй залуучууд хөдөөд бууриа сахиж үлдсэн.
Нөгөө Монголчууд 70 сая малтай гээд байдаг шүү дээ. Гэтэл начир дээрээ малын нийт тоо толгой 35 сая л байх гэж би хувьдаа боддог юм. Хөдөөнийхөн “Малчдын зээл” авах зорилгоор банкуудад малын тоо толгойгоо нэмж бүртгүүлэн, тоолуулдаг байх. Би ямар нарийвчлан өөрөө тоолж үзсэн биш. Дан ганц мал маллаад амьдрахад бас л чанга цаг үе болчихсон. Амаргүй ажил шүү дээ.

Өглөө эртлэн тус захад хүний хөл хөдөлгөөн ид бужигнаж эхэлж байлаа. Аа, гэхдээ худалдаа эрхлэгчдийн гарт авчирсан махаа нийлүүлэх малчид харьцангуй цөөн байв. Ер нь одоо нийслэлийг тэр бүр зорин ирж, мал махаа худалдаалах малчдын тоо цөөрсөн гэх…Тэд хөдөө нутагтаа л ченж хэмээх худалдаачдын гарт мал, махаа шууд л нийлүүлчихдэг болжээ. Ингэсэн нь малчдад цаг хожиж мөн урсгал гарах зардал, санхүүгээ хэмнэсэн нь үр дүнтэй байдаг аж.
Махны худалдаа эрхлэгч нар ч ачааны машинаа өөрсдөө хөлөглөн, хөдөө нутгаар давхиж, мал, махаа өөрсдийн гараар цуглуулдаг болоод уджээ. Нэг ёсондоо ийм ченж нараас Хүнсний худалдааны төвийн лангуун дээр зогсох худалдаа эрхлэгчид махаа худалдан авч, эцсийн дүндээ 2 ч нэмүү өртөг шингээж, нэмсэн үнээр иргэдийн гарт очдог бололтой. Тодруулбал, иргэд 2-3 шат дамжлагаар дамжсан үнэтэй махыг худалдаж авдаг болох нь эндээс харагдаж байна.
Тус захын гадна талбайд малчдын доорх үнээр ченжүүдэд махаа зарж байв.
- Хонины мах 1кг 18-21.000 төгрөг
- Үхрийн мах 1кг 24-25.500 төгрөг
- Адууны мах 1кг 12.000 төгрөг
Харин Хүчит шонхор захын дотор талд лангуун дээр худалдаалж буй Махны үнэ:
- Хонины мах 1кг 25.500-26.000 төгрөг
- Үхрийн мах 1кг 33-36.000 төгрөг
- Адууны мах 1кг 17.500 төгрөгний үнэтэй зарж байлаа.
Эндээс үзэхэд махны худалдаа эрхлэгч нар малчдаас авсан хонины махны 1кг тутамд буюу 18 мянган төгрөгөөр авсан үнээ 7500 төгрөг, үхрийн махны 1кг тутамд 25 мянган төгрөгөөр авсан үнээ мөн л 8000-9000 цаашлаад 10 мянган төгрөгийн унацтайгаар, өөртөө ашигтайгаар иргэдэд зарж байна гэсэн үг…
Мэдээж бизнес хийж буй хүн ашгаа харна, лангууны түрээс, цахилгаан гээд үүнээс үүдэх урсгал зардлаа төлөх төлбөрөө ашгаасаа гаргадаг. Гэсэн хэдий ч хатуухан хэлэхэд Монголчууд монголоо л ил цагаан шулах байдлаар ашиг олж, хөлжиж байна. Ер тэгээд “Мах магнаг болж, ченж нар пээдэлзэх цаг дор” Монголын нэг өдөр ийн урсан өнгөрч байна.
Угтаа бол ай даа, хүн хүнээ бодож, Монгол монголоо дэмжих цагт улс орон минь хөгжлийн шангаа бага ч болов татаж, хамтдаа урагшлах ёстой юм…
Видео Сурвалжлага дэлгэрэнгүй үзэх линк:







