
УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС, нефть боловсруулах үйлдвэр, “Сэлбэ дэд төв“-ийг санхүүжүүлэхтэй холбоотой Гадаад зээллэгийн хууль дэмжигдсэнгүй.
Санал хураалтад оролцсон гишүүдийн нийт олонх дэмжээгүй тул хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа. Тус хуулийн төсөлд гурван том төслийг санхүүжүүлэхтэй холбоотой заалт орж ирсэн байсан юм. Тодруулбал, үүнд Эрдэнэбүрэнгийн УЦС, нефть боловсруулах үйлдвэр, “Сэлбэ дэд төв“-ийн бүтээн байгуулалт багтаад байсан юм.
Тэгвэл Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалттай холбоотой олон нийтийн санал хоёр хэсэгт хуваагдаад байна. Нэг хэсэг нь томоохон бүтээн байгуулалтын ажлууд урагшилж байж, дагаад хөгжлийн шанг нийслэлд татна. Ингэснээр дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлуудыг дагаад тухайн орчин нөхцөл сайжирч, иргэдийн амьдрах орчин, чанар сайжрахад их, бага тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулдаг билээ.
Ер гадны улс орнуудад иргэдийнхээ тав тухтай алхах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, эрүүл, тоос шороогүй тохижуулсан хэсгүүдэд агаарлах гэх мэтээр эко, ногоон орчныг бүрэн дүүрэн бүрдүүлэн, шийдээд өгчихсөн байдаг.
Иймээс иргэд Сэлбэ дэд төв шиг бүтээн байгуулалт нийслэлд ус агаар мэт хэрэгтэй хэмээн үзэж буй юм.
Гэтэл Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад анхны сууриа тавьж, гар бие оролцон, ажлаа эхлүүлчихсэн ААН, компаниудын хувь заяа хэрхэх нь тодорхойгүй үлдэж байна.
Нөгөөтэйгүүр зарим иргэд харин ч Сэлбэ дэд төвийн ажлыг зогсоосноор уг төслөөр дамжуулан мөнгө идэх боломж нь хаагдана. Харин ч зөв хэмээн санал бодлоо цахим орчинд илэрхийлж байна.
Энэ нь ч буруутгах аргагүй юм. Иргэд мэдэх эрхийнхээ дагуу бас хардах эрх нь тэдэнд бий…Ер тэгээд хардуулах зүйлсээ ч эрх баригчид улайм цайм хийчихээд байдаг хойно яалтай ч билээ дээ.
Сэлбэ дэд төвд Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд нийт 156 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд зарим орон сууц барих ажил хэдийнээ эхэлчихсэн явж буй.
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтуудын ерөнхий зураглалыг танилцуулъя
– 6.7 км авто зам
– 5.3 км цахилгаан холбоо
– 9.97 км дулаан хангамж
– 19.78 км ус хангамж, ариутгах татуурга
– 2.4 км үерийн хамгааллын далан суваг
– 3.01 га тохижилт
– 150, 240 Хүүхдийн хоёр цэцэрлэг
– 1000 м3 усан сан
– 24 м, 30 м, 60 м гурван гүүр
-Дулааны станц
-Мэдээлэл холбооны төв
-Бизнес инкубатор, сургалтын төв
-Дэд станц зэрэг шийдлээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөөд буй.







