
Сургуулийн хонх сүүлчийн удаа жингэнэх тэр мөч хүүхэд насны хамгийн нандин дурсамжуудын нэг. Гэвч бодит байдал дээр энэ баяр дурсамж бүтээхээсээ илүү “өрсөлдөөнт тансаглал” болон хувирч, олон айлын санхүүд “чимээгүй тахал” шиг дарамт учруулж эхэлжээ.
Хонхны баяр гэх нэрийн дор зарцуулагдаж буй мөнгө 250 мянган төгрөгөөс хоёр сая төгрөгт хүрч, баярын утга агуулга алдагдах хэмжээнд хүрсэн нь тодхон харагддаг болжээ.
Сурагчид өөрсдөө ч энэ байдлыг хоёр өөр өнцгөөс харж байна. Зарим нь “амьдралд ганц тохиох өдөр” хэмээн үзэж, аль болох тансаг тэмдэглэхийг хүсдэг. Гоёлын даашинз, хослол, мэргэжлийн зураг авалт, ресторан, тайз засал зэрэг нийлж нэг өдрийн баярыг “хурим” шиг болгожээ. Харин нөгөө хэсэг нь “хэтэрхий их зардалтай, утгагүй” хэмээн илүү даруухан тэмдэглэхийг илүүд үзэж байна.
Энэ жилийн 12-р ангийн сурагчид 250 мянгаас хоёр сая төгрөг хүртэлх хэмжээний мөнгө зарцуулсан бол одоогоор аялал, зугаалгын төлөвлөгөө гаргаагүй дийлэнх нь элсэлтийн ерөнхий шалгалтаа өгсний дараа зугаалах талаар ярилцах хандлагатай байна.
Энэ нь өөрөө нэг төрлийн “хойшлуулсан дарамт” юм. Шалгалтын дараах стресс дээр санхүүгийн ачаалал нэмэгддэг. Харин 9-р анги төгсөж буй зарим сурагчид илүү бодитой шийдэл сонгожээ. Тэд зугаалга, өндөр зардалтай арга хэмжээнээс татгалзаж, анги хамт олноороо энгийн, дурсамжтай байдлаар тэмдэглэхээр шийдсэн байна.
Гэвч асуудлын гол нь сурагчид бус, нийгмийн хандлага юм. “Хэн илүү гоё тэмдэглэх вэ?” гэсэн үл үзэгдэх өрсөлдөөн анги, сургууль бүрт бий болсон нь үнэн. Нэг анги ресторанд тэмдэглэвэл нөгөө нь заавал илүү үнэтэй газар сонгох, нэг нь мэргэжлийн зураг авалт хийлгэвэл нөгөө нь илүү “тансаг” хувилбар хайх ингэж хонхны баяр, эрдмийн баяр анхны утгаасаа холдож, харьцуулалт, дарамтын талбар болж байна.
Эцэг эхчүүдийн хувьд энэ бол бүр ч хүнд асуудал. Гурван жилийн өмнөх төгсөлтийн үеэр ч хонхны баяр, төгсөлтийн арга хэмжээ, оюутан болох бэлтгэл гээд жижиг юм шиг том сорилтууд давхцаж, олон айлыг санхүүгийн дарамтад оруулж байсан тухай эх сурвалжууд хэлж байна. Өнөөдөр ч энэ байдал давтагдсаар. Ялангуяа төгсөлтийн дараа оюутны байр, сургалтын төлбөр, амьдрах зардал зэрэг томоохон санхүүгийн хэрэгцээ хүлээж байхад ганц өдрийн баярт сая төгрөг зарцуулах нь олон гэр бүлийн хувьд дарамт болж байна.
Сэтгэл түгшээх өөр нэг зүйл бол энэ дарамтыг “хэвийн” мэт хүлээн авч эхэлсэн явдал
Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэлд сэв суулгахгүйн тулд боломжгүй зардлыг ч гаргахыг хичээдэг. Харин зарим сурагчид найз нөхдөөсөө “дутуу” харагдахгүйн тулд эцэг эхдээ шаардлага тавих нь ч бий. Энэ бүхэн эцэстээ гэр бүлийн харилцаанд хүртэл сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Гэхдээ шийдэл бий. Юуны өмнө сургуулиуд болон анги хамт олон нэгдсэн зохицуулалт хийх шаардлагатай, хонхны баярыг тодорхой төсөвт багтаах, хэт тансаг хэрэглээг хязгаарлах, нийтэд ижил боломж бүрдүүлэх бодлого хэрэгтэй. Зарим сургуулиудын туршлагаас харахад баярыг сургуулийн орчинд, багш сурагчдын оролцоотойгоор энгийн атлаа утга учиртай зохион байгуулах нь илүү үр дүнтэй байдаг.
Мөн сурагчдад үнэ цэнийг ойлгуулах нь чухал. Дурсамж гэдэг үнэтэй даашинз, үнэтэй ресторан биш харин хамтдаа өнгөрүүлсэн мөч, чин сэтгэлийн баяр баясал гэдгийг ойлгуулах хэрэгтэй. 9-р ангийн сурагчдын гаргасан даруухан шийдвэр бол үүний тод жишээ.
Эцэг эхчүүдийн хувьд ч “бусдаас дутахгүй” гэсэн сэтгэлгээнээс илүү “боломждоо тохирсон зөв сонголт” хийх нь чухал. Хүүхдэдээ амьдралын үнэ цэнийг ойлгуулах хамгийн том боломж нь ч энэ байж мэднэ.
Хонхны баяр бол төгсгөл биш, эхлэл
Энэ эхлэлийг өр, дарамт, хийсвэр өрсөлдөөнөөр бус утга учиртай дурсамжаар эхлүүлэх нь илүү үнэ цэнтэй биш гэж үү.








97.р сургууль 9.р анги төгсөж бгаа сурагчдаасаа 250000 төгрөг хурааж авч баяраа тэмдэглэсэн багшид нь бэлэг авч өгсөн….