
Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнөөдөр шүүх шинжилгээний байгууллагуудын орон нутаг дахь нөхцөл байдалтай холбоотой асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.
Орон нутагт зориулалтын цогцос хадгалах байр байхгүйгээс хоёр нярайн цогцсыг ахуйн зориулалтын хөргөгчинд хоёр жилийн турш хадгалсан хэрэг гарсан байна. Үүнийг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэж байгаагаа ХЭҮК илэрхийллээ.
Мөн аймгуудын шүүх шинжилгээний байгууллагууд цагдаагийн байгууллагын байранд хамт байрлаж буй нь шинжээчийн хараат бус, бие даасан үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй, шүүх шинжилгээний ажиллагаа стандарт шаардлага хангаагүй, зориулалтын бус орчинд явагдаж байгаа нь хүний эрх зөрчигдөх нөхцөл үүсгэж байна гэж мэдэгдэв.
Цогцос хадгалах хөргүүр аймгийн хэмжээнд ердөө 5 ширхэг байдаг. Энэ нь зуны улиралд хүндрэл үүсгэдэг. Хөргүүрт багтахгүй цогцсыг муудахаас сэргийлэхийн тулд хоногийн ээлжид ажиллах үедээ өдөр, шөнийн аль ч үед моргт ганцаараа очиж 1-2 цагийн зайтай, цогцсуудыг гараараа өргөж зөөвөрлөн ээлжлэн хөргүүрт хийдэг.
Нийслэлийн хэмжээнд ч нөхцөл байдал хангалтгүй байгаа бөгөөд иргэд биеийн шинжилгээ өгөхийн тулд ч төвийн байршил руу ирдэг, үйлчилгээний хүртээмж муу байгааг дурдсан юм.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч буй нь шинжээчийн дүгнэлт хугацаандаа гарахгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Зарим тохиолдолд нарийн шинжилгээнд шаардлагатай бодис, урвалж тасарснаас шалтгаалан хэрэг сунжирч, улмаар хохирогч болон холбогдогчийн эрх зөрчигдөх эрсдэл үүсдэг гэв.
ХЭҮК-аас цаашид төв болон орон нутгийн шүүх шинжилгээний байгууллагын барилгыг стандартын дагуу шинээр барих, тоног төхөөрөмж болон хүний нөөцийн нөхцөлийг сайжруулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо.
Мөн шүүх шинжилгээний байгууллагын ажилтнууд зориулалтын бус орчинд ажиллаж, нэмэлт цалин, урамшуулал олгогддоггүй. Хүнд зүйл өргөж зөөвөрлөхөөс шалтгаалан нурууны өвдөлт үүсэх зэрэг эрүүл мэндийн асуудал үүсдэг гэжээ.
Шинжилгээний объектыг шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдал, ажиллах орчинд сөргөөр нөлөөлж байгааг анхааруулсан юм.
Мэдээллийн дэлгэрэнгүйг доорх холбоосоор:







