
Сингапурт үе тэнгийн дээрэлхэл үйлдсэн эрэгтэй сурагчдыг саваадаж шийтгэнэ
Сингапурын сургуулиудад 2027 оноос үе тэнгийн дээрэлхэл үйлдсэн 9 ба түүнээс дээш насны эрэгтэй сурагчдыг саваадаж шийтгэх журам хэрэгжиж эхлэх аж. Сингапурын Боловсролын сайд Десмонд Ли үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг авч буй арга хэмжээнүүдээ Сингапурын парламентын гишүүдэд танилцуулах үеэрээ саваадах шийтгэлийг сурагчийн хийсэн үйлдлийнх нь хүнд хөнгөнөөс шалтгаалж, шийтгэлийн бусад арга хэмжээнүүд хангалтгүй гэж дүгнэсэн үед л онооно гэдгийг онцолжээ.
Түүнээс гадна сургуулийн зүгээс саваадах шийтгэлийг оногдуулахдаа сурагчийн нас, бие бялдрын байдал, саваадах шийтгэл нь тухайн сурагчид алдаанаасаа суралцахад нь туслах эсэх зэргийг тооцон үзэх аж. Саваадах шийтгэл оногдуулахыг сургуулийн захирал зөвшөөрсөн байх ёстой уг шийтгэлийг зөвхөн эрх бүхий багш нар гүйцэтгэнэ хэмээн Боловсролын сайд Десмонд Ли онцолжээ.
“Саваадах” шийтгэлийг гүйцэлдүүлсний дараа сургууль шийтгэл хүлээсэн хүүхдийн биеийн байдлыг хянаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх аж. Үе тэнгийн дээрэлхэл үйлдсэн эмэгтэй сурагчдыг хичээлийн дараа үлдээх, тодорхой хугацаагаар хичээлд суулгахгүй байх зэргээр шийтгэнэ. Их Британийн колоничлогчид анх 19-р зуунд Сингапурт саваадаж шийтгэх ялыг нэвтрүүлж байсан түүхтэй бөгөөд өнөөдөр Сингапурт хулгай, луйврын гэмт хэрэг үйлдсэн, визний хугацаа хэтрүүлсэн 50-аас доош насны эрэгтэйчүүдийг саваадаж шийтгэсэн хэвээр байна.
НҮБ-ын Хүүхдийн сан хүүхдийг хүч хэрэглэн шийтгэх нь хүүхдийн бие бялдар болон сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулдаг, цаашлаад зан байдлын асуудлуудыг дагуулдаг болохыг онцолж, Сингапурын эрх баригчдын шийдвэрийг буруушаажээ. ДЭМБ-ын 2025 оны судалгаагаар дэлхий даяар жил бүр 0-18 насны 1.2 тэрбум орчим хүүхэд гэртээ зодуулж шийтгүүлдэг болох нь тогтоогдсон байна.
Мэргэжилтнүүд хүүхдийг зодож шийтгэх нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлдөг болохыг анхааруулсаар байгаа билээ.







