
Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал: “Эрсдэл, шийдэл” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын орчин, тулгарч буй сорилтуудыг тодорхойлж, хамтын шийдэл эрэлхийлэх зорилготой “Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Эрсдэл, шийдэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн хуралд Монгол, Орос, Хятад, Япон, БНСУ, АНУ зэрэг арван улсын 60 гаруй төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, дипломат төлөөлөгчид оролцож байгаа нь хурлын цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байгааг илтгэж байна. Хурлыг нээж Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэлсэн үгэндээ “Бид бүс нутгийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэлэлцэж, харилцан итгэлцлийг бэхжүүлэх замаар хамтын ажиллагааны шинэ гарц, бодит шийдлийг тодорхойлох нь энэхүү хурлын гол ач холбогдол юм” хэмээн онцолсон юм.


Хоёр өдөр үргэлжлэх тус хурлаар:
- Бүс нутгийн аюулгүй байдлын орчин, их гүрнүүдийн ашиг сонирхол ба Монгол Улсын стратегийн түншлэл
- Кибер аюулгүй байдал, мэдээллийн дайн, уур амьсгалын өөрчлөлт болон байгалийн гамшгийн эрсдэл
- Бүс нутгийн орнуудын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал
- Эрчим хүчний хамаарал, тээвэр ложистикийн эрсдэл ба нөөцийн дипломат ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд
ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи, БНСУ-ын Батлан хамгаалахын дүн шинжилгээний хүрээлэн (KIDA), Японы Рицүмэйкан их сургууль болон Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэд илтгэл тавьж оролцож байна.


Энэхүү хурлаас гарсан санал, зөвлөмжүүд нь Зүүн хойд Азийн бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, маргаантай асуудлыг улс төр-дипломатын аргаар шийдвэрлэхэд бодлогын чухал дэмжлэг болно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.









