
2023 оноос хойш 7 амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгожээ
УИХ-ын өнөөдрийн (2026.05.07) нэгдсэн хуралдаанаар Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2026 оны 03 дугаар дүгнэлт, Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зэрэг асуудал хэлэлцэж байна.
Хуралдааны эхэнд Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гарлаа. Горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлгээр батлахаар тогтлоо.
Мөн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр батлах саналыг Байнгын хорооноос гаргав.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаа олон жил хийгдсэн. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслын хүрээнд олон жил амьд явсан хүний зүгээс энэ хуулийг дэмжиж өгөөрэй гэж надаас хүссэн. Урьд нь хийж байсан мэс заслын тоо нэмэгдэх үү. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах төв ямар байдлаар ажиллаж, хаанаас санхүүжих вэ?
Ажлын хэсэг:
-Дэлхийн эрүүл мэндийн практикт 1963 оноос амьгүй донороос эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг эхлүүлсэн. Монгол Улс 2018 оноос амьгүй донороос эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслыг эрчимтэй хөгжүүлж байна. Амьгүй донорын оршуулгын тэтгэмж олгож эхэлбэл, шилжүүлэн суулгах үйл ажиллагаа олширно. Судалгаагаар БНСУ, БНТУ энэ тогтолцоо амжилттай хэрэгжсэн байдаг. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд баригдаж буй Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах төвийг зохицуулах бодлогын байгууллага удирдана. Төсвийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулах байх.
УИХ-ын гишүүн М.Ганхүлэг:
-Өнгөрсөн хэд амьгүй донор байсан бэ? Хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Хууль батлагдаад үр гарах байх?
Ажлын хэсэг:
-2018 оноос хойш 75 удаа эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгож эхэлснээр эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслын үйл ажиллагаа нэмэгдэнэ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор 2023 онд амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгож эхэлснээр 2023 онд нэг, 2024 онд дөрөв, 2026 онд нэг хүн гээд нийт 22 сая төгрөгийн оршуулгын тэтгэмж олгосон. Мөн 2023 онд даатгуулагч биш байсан нэг хүнд оршуулгын тэтгэмж олгосон. Цаашид жилд 10 амьгүй донор гарна гэж тооцоолон, хөдөлмөрийн хөлсны доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүн буюу жилд ойролцоогоор 70 орчим сая төгрөгийн зардал гаргах тооцоо гаргасан.
Ингээд Байнгын хорооноос гаргасан Засгийн тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх горимыг саналыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны Шууд дамжуулалтыг үзэх линк:







