Ардчилсан намын шинэ генсек, Рио тинтогийн эрх ашиг ба Жэнкогийн тодорхойгүй нүүдэл

С.Баярцогт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо. Энэ томилгооны цаана улс төр, бизнесийн маш олон зангилаа тайлагдаж буй ч бас олон асуудал тодорхойгүй байна.
Улс төрийн хүрээнд энгийн нэг намын дотоод томилгоо биш, харин 2027 оны улс төрийн том цикл эхэлж буйн дохио гэж харагдаж эхэллээ.
Намын дотоод эх сурвалжуудын яриагаар энэ шийдвэр нь гэнэтийн бус, харин олон сарын турш фракцуудын хооронд яригдсан, тодорхой хэмжээнд зөвшилцөлд хүрсэн тохиролцооны үр дүн. Ардчилсан нам доторх талууд сүүлийн жилүүдэд ил тод зөрчилдөж ирсэн ч энэ удаад хүчтэй шинэ лидер гаргаж ирэхээс илүүтэй бүгдэд “эрсдэл багатай”, систем дотор ойлгомжтой тоглогч дээр төвлөрсөн нь С.Баярцогт гэж харагдууллаа.
Улс төрийн ажиглагчдын хувьд хамгийн анхаарал татаж буй зүйл нь эрх баригч Монгол Ардын Нам болон төрийн дээд түвшний зүгээс энэ томилгоонд бараг эсэргүүцэл үзүүлээгүй явдал юм.
“Хэрвээ үнэхээр аюултай өрсөлдөгч байсан бол ийм нам гүм байхгүй” гэсэн үнэлгээ гарч байна. Энэ нь МАН-ын хувьд С.Баярцогтыг олон нийтийн рейтинг сул, хяналттай тоглогч гэж үзэж байж болох хардлагыг ч дагуулж байна.
АН-ын ҮБХ-ны хурлын үеэр сэтгүүлчдийн зүгээс Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү гэсэн асуултад “одоогоор бодсон юм алга” гэж хариулсан нь түүний ирээдүйн улс төрийн нүүдэл өөрс нь бус өөр нэгнээс хамаарч байгааг ойлгууллаа.
АН-ын дарга О.Цогтгэрэлийн хувьд фракцуудаа нэгтгэж чадахгүй, тэдний улс төрд дарагдахаас айж С.Баярцогтыг ЕНБД-аар ажиллах санал тавьж, оруулж ирсэн нь хүчгүй, нөлөөгүй намын дарга болохыг нь ч харууллаа.
Гэхдээ тэдний өмнө 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгууль хэмээх том сорилтууд хүлээж байгаа.
С.Баярцогтын томилгооны цаана: Оюу Толгойн фронт нээгдэв
Энэ бүхний төвд Оюу Толгой болон Rio Tinto-гийн асуудал дахин гарч ирж байна.
С.Баярцогтын улс төрийн карьер Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ, олон улсын хэлэлцээтэй салшгүй холбоотой учраас түүний нэр эргэн улс төрийн фронтын төвд орж ирэх нь тодорхой болж байна. АН-ын дотоод эх сурвалжуудын хэлж буйгаар “ОТ-гийн асуудлыг ойлгож, хамгаалж, олон улсын түвшинд хэлэлцэж чаддаг хүн цөөн. Тэдний нэг нь С.Баярцогт” гэх.
Энэ нь түүнийг намын генсек болгосон шалтгааны нэг байж болох юм.
Өөрөөр хэлбэл, энэ томилгоо нь зөвхөн фракцын тэнцвэрийн асуудал бус Оюу Толгойн асуудал ирэх жилүүдэд дахин хүчтэй сөхөгдөхийг урьдчилан тооцсон “бэлтгэл байрлал” байж магадгүй гэсэн үг.
Нөгөө талд түүний нэр Оюу Толгойтой хэт хүчтэй холбогддог нь улс төрийн довтолгоонд өртөх хамгийн эмзэг цэг нь хэвээр байна. Хэрэв эрх баригч тал шаардлагатай гэж үзвэл өнгөрсөн гэрээ, хэлэлцээ, Риотой холбоотой асуудлыг дахин сөхөж, С.Баярцогтыг “хариуцлагын бэлгэдэл” болгон ашиглах боломж ч бий. Харин эсрэгээр АН үүнийг хамгаалалтын стратеги болгон ашиглаж, Оюу Толгойг Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр, популизмаас ангид бодит төсөл гэж тайлбарлах оролдлого хийж магадгүй байна.
Энэ дунд бизнесийн бүлэглэлүүдийн нөлөөлөл мөн яригдаж эхэлжээ. MCS Group болон Шунхлай зэрэг томоохон бизнесийн бүлэглэлүүдийн аль талд дэмжлэг төвлөрч байгаа тухай яриа АН-ын дотоод хүрээнд эрчимжиж, ҮБХ болон орон нутгийн бүтцүүд дээр санхүү, нөлөөллийн урсгал хөдөлж байгаа тухай мэдээлэл ч улс төрийн хүрээнд яригдаж байна. Гэхдээ эдгээр нь албан ёсоор батлагдсан баримт бус, улс төрийн хүрээний үнэлгээ, ажиглалт гэдгийг ялгаж харах шаардлагатай.
Харин Х.Баттулга буюу “Жэнко”-гийн байр суурь одоогоор хамгийн сонирхолтой хувьсагч хэвээр үлдэж байна.
С.Баярцогт ЕНБД-аар томилогдсныхоо дараа хэлсэн үгэндээ ч бүх фракцуудтайгаа уулзаж, хүслийг нь сонсоод, нэг зүгт чиглүүлэн хамтран ялалтын төлөө ажиллана гэсэн нь эв түнжингүй Женкотойгоо ч уулзаж, гар барина гэдгээ тодорхой хэлсэн.
Тэрбээр У.Хүрэлсүхтэй ч, Л.Оюун-Эрдэнэтэй ч шууд сөргөлдөөнгүй, нөгөө талд АН дотор нөлөөгөө хадгалсан хэвээр байгаа нь түүнийг зуучлагч уу, эсвэл шийдвэрлэх мөчид тоглоом эргүүлэх хүн үү гэсэн асуултыг нээлттэй үлдээж байна.
Ингэж харвал С.Баярцогтын генсек болсон үйл явдал нь ганц хүний карьерын эргэн ирэлт биш, харин Монголын улс төрийн дараагийн том цикл, тэр дундаа 2027 оны сонгуулийн өмнөх хүчний шинэ хуваарилалтын эхлэл боллоо. Улс төрийн хүрээнд “энэ бол эхлэл, жинхэнэ тоглолт одоо эхэлнэ” гэсэн үг хамгийн их яригдаж байгаа нь ч санамсаргүй биш бололтой.








Яг үнэндээ Баярцогт шиг хүчтэй лидер байхгүйг улстөрчид бүгд мэднэ, харин хэзээ ч хүлээн зөвшөөрч чаддагүй. Гэхдээ нийгэмд түүнийг муу болгож харагдуулахгүй бол өөрсдөө муу болчихно. Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш тэр гэрээг засаж сайжруулаад явах чадвартай лидер,засаг төр байсан бол өдийд үгээ барж үсээ зулгаахгүй байлаа. Энэ бол цэвэр бодлого , хариуцлага ямар байна гэдгийг харуулж байна.
Өрөгийн хүүхэн 1 л хардсан хүн байх юмаа, очоод асуугаад энэ асуудлуудаа мухарлачиж болдоггүй юм уу. ашиг сонирхлын зөрчил үүсээд л байна даа.