
Майкл Жексоны амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Michael” кино нээлтээ хийснээс хойш түүний уран бүтээлүүд цахим орчинд дахин “сэргэж” эхэллээ.
Киноны нөлөөгөөр түүний хит дуунууд цахим платформууд дээр эрчимтэй өсөлт үзүүлж, шинэ үеийн сонсогчдод дахин хүрэхийн зэрэгцээ шүтэн бишрэгчдийнх нь сонирхлыг ч мөн сэргээж байгаа аж. Ялангуяа Spotify дээрх сонсогчдын тоо огцом нэмэгдсэн байна.
Энэ оны тавдугаар сарын байдлаар түүний дуунууд дэлхийн дижитал уран бүтээлчдийн чансаа буюу Global Digital Artist Ranking-д тэргүүлж, 30 гаруй жилийн дараа дахин дэлхийн номер нэг уран бүтээлчээр нэрлэгдээд байна. Энэ нь түүний уран бүтээл цаг хугацааны шалгуурыг давж чаддагийг харуулсан онцлох үзүүлэлт болж байна.
Мөн Taylor Swift, Justin Bieber зэрэг орчин үеийн томоохон оддыг ардаа үлдээж, 81 саяас давсан идэвхтэй сонсогчтой болсон нь сонирхол татахуйц үзүүлэлт юм.
Ийнхүү “Michael” киноны амжилт зөвхөн кино зах зээлд биш хөгжмийн ертөнцөд ч нөлөө үзүүлж, Майкл Жексоны уран бүтээлийг дахин дэлхийн анхаарлын төвд авчирлаа.







