
Монголын Оюутны Спортын VII наадмын хүрээнд зохион байгуулагдсан модон бөмбөгийн шигшээ тэмцээн энэ сарын 1-2-ны өдрүүдэд Монголын Үндэсний Морин Паркийн талбайд болж өндөрлөлөө. Оюутны спортын томоохон арга хэмжээний нэг болох энэхүү тэмцээн нь залуусын ур чадвар, тэсвэр тэвчээр, багаар ажиллах чадварыг сорьсон өрсөлдөөн боллоо.
Энэ удаагийн тэмцээнд нийт 11 багийн 88 тамирчин оролцож, модон бөмбөгийн спортын онцлог болох нарийвчлал, төвлөрөл, тэсвэр тэвчээрийг хослуулан өрсөлдсөн юм. Талбай дээрх уур амьсгал эхний өдрөөсөө эхлэн ширүүсэж, баг бүр ялалтын төлөө бүх хүчээ дайчилж байлаа.

Оролцогчдын дунд ХААИС-ийн багийг хамгийн хүчтэй өрсөлдөгч хэмээн онцолж бусад багийн тамирчид тэдний бэлтгэл, туршлага, багийн уялдаа холбоог өндрөөр үнэлж, “хамгийн эмээж буй баг” хэмээн нэрлэж байсан юм.
Модон бөмбөгийн тэмцээн өмнөх жилүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байсан бол энэ удаа байгальд ойр, илүү тэгш талбайд явагдсан нь тамирчдад илүү таатай нөхцөл бүрдүүлжээ. Тамирчдын хэлснээр зам нь овон товон багатай, жигд гадаргуутай байсан тул тоглолтын чанар сайжирч, ур чадвараа бүрэн гаргах боломжийг олгосон гэв.
АШУҮИС-ийн багш, дасгалжуулагч Н.Сүхбаатар “Тэмцээний зохион байгуулалт, талбайн нөхцөл тэмцээн өрнөхөд тохиромжтой байна, мөн манай салбарын ажилчид хичээллэхэд тохиромжтой спорт шиг санагдлаа.” гэсэн бөгөөд оюутнуудын идэвх оролцоо жилээс жилд сайжирч байгааг онцолсон юм.
Ийнхүү хоёр өдрийн турш үргэлжилсэн уг тэмцээн нь зөвхөн аваргуудаа тодруулсан төдийгүй оюутнуудын спортын соёл, нөхөрсөг харилцаа, хичээл зүтгэлийг харуулсан онцлох үйл явдал болж, амжилттайгаар өндөрлөлөө.










