
ОХУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хариуцдаг Холбооны Хамгаалалтын алба Ерөнхийлөгч Владимир Путины хамгаалалтыг чангатгажээ. Энэ нь ОХУ-ын төрийн тэргүүн оросын улс төрийн элитүүдийн гарт амь үрэгдэхээс эмээж эхэлсэнтэй холбоотой гэж Европын нэгэн улсын тагнуулын алба дүгнэсэнтэй Оросын “Важные истории” сайт, CNN агентлаг болон Financial Times сонины сэтгүүлчид танилцжээ.
Холбооны Хамгаалалтын албанаас авсан аюулгүй байдлын зарим арга хэмжээнүүдээс дурдвал, сүүлийн хэдэн долоо хоногуудыг Ерөнхийлөгч В.Путин Краснодарт байрлах газар доорх орчин үеийн хорогдох байранд өнгөрүүлж байгаа ба Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй түүний дүрс бичлэгүүд нь урьдчилж бэлтгэсэн дүрс бичлэгүүд аж.
ОХУ-ын төрийн тэргүүний тогтмол очдог газруудын тоо багассан ба Ерөнхийлөгч В.Путин болон түүний гэр бүлийнхэн Подмосковье болон Валдайд байрлах эдлэн газрууддаа очихоо больсон байна.
2025 онд Ерөнхийлөгч В.Путин зэвсэгт хүчний объектуудаар тогтмол зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж байсан бол 2026 он гарснаас хойш нэг ч объект дээр очоогүй байна.
Холбооны хамгаалалтын алба Ерөнхийлөгч В.Путинтай ойр ажилладаг бүх хүмүүсийн гэрт хяналтын систем байршуулаад байгаа ба тогоочид, бие хамгаалагчид болон зураглаач нарт нийтийн тээвэр ашиглахыг хориглосноос гадна ажлын байран дээрээ интернэтэд холбогддоггүй гар утас ашиглахыг үүрэг болгожээ.
Түүнчлэн Холбооны Хамгаалалтын албаныхан үнэрч нохойнуудыг олноор нь ашиглах болсон ба аюулгүй байдлын үүднээс Москва хотын зарим дүүргийн харилцаа холбооны сүлжээг тасалдаг болжээ.
Дээрх арга хэмжээнүүдийн заримыг нь өнгөрсөн 12-р сард ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын Шуурхай албаны дарга, дэслэгч генерал Фанил Сарваров автомашинтайгаа дэлбэрч, амиа алдсаны дараа хэрэгжүүлж эхэлсэн ба Ф.Сарваровын үхлээс болж Оросын хүчний байгууллагуудын удирдлагуудын дунд зөрчил үүссэн байна.
ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын тэргүүн Валерий Герасимов Холбооны Хамгаалалтын алба ийм төрлийн халдлагаас хамгаалж чадахгүй байгаа нь айдас, замбараагүй байдал үүсэх эрсдэлийг бий болгож байна хэмээн тус албаны дарга Александр Бортниковыг хатуу шүүмжилсэн бол Х.Бортников албанд нь хүний нөөц дутмаг байгааг онцлон, Батлан хамгаалахын яамд зэвсэгт хүчний томоохон албан тушаалтнуудыг хамгаалах тусгай анги бүрэлдэхүүн одоо хүртэл байхгүй байгааг буруушаажээ.
Европын тагнуулын албаны тайланд дээрх маргаан нь Кремль дотор нөхцөл байдал хурцадсаар байгааг илтгэж байгааг онцолжээ.
Өнгөрсөн 3-р сараас хойш Ерөнхийлөгч В.Путин нууц мэдээлэл задарч, хуйвалдаан, төрийн эргэлт гарч, тэр дундаа оросын улс төрийн элитүүдийн зүгээс дрон ашиглан түүнийг хөнөөхийг оролдож болзошгүй гэж эмээх болсон аж. Тэрээр өөрийнх нь эсрэг хөдлөх хүмүүсийн нэг нь зэвсэгт хүчний салбарт нэр нөлөөтэй хэвээр байгаа Оросын Аюулгүй байдлыг зөвлөлийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгу байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж. Энэ оны 3-р сард С.Шойгугийн 1-р орлогч Руслан Цаликовыг баривчилсан нь ч үүнтэй холбоотой гэж Европын тагнуулын албаныхан үзэж байгаа аж.
Эх сурвалж: Важгые Истории







