
АНУ-ын Нью Йорк хотноо загварын ертөнцийн хамгийн том үдэш болох Met Gala хандивын арга хэмжээ улаан хивсний ёслолоор эхэлж байна.
Met Gala нь Нью Йоркийн Metropolitan Museum-н Хувцас Загварын Институтэд хандив цуглуулах зорилготой арга хэмжээ бөгөөд Анна Винтурын нөлөө, нийгмийн сүлжээний хурдацтай хөгжлийн ачаар уг арга хэмжээ нь сүүлийн жилүүдэд загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй, хамгийн их анхаарал татсан арга хэмжээ болж хувирсан юм.
Энэ жилийн Met Gala үдэш “Costume Art” сэдвийн дор зохион байгуулагдаж ба энэ үдэш зочид “Fashion Is Art” буюу “Хувцас загвар бол урлаг юм” гэсэн дресс кодоор хувцасласан байх ёстой аж. Энэ удаагийн хандивын үдшийг Анна Винтурээс гадна дуучин Бейонсе, жүжигчин Николь Кидман, теннисчин Венус Уиллиамс нар удирдан зохион байгуулж байгаа юм.
Түүнчлэн Amazon компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг Жефф Безос, гэргий Лорен Санчезийн хамт энэ удаагийн арга хэмжээг ивээн тэтгэж байгаа гэжээ.






















