
Улсын Их Хурал дахь ХҮН намын зөвлөл хуралдаж хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.
“УИХ дахь ХҮН намын зөвлөл хуралдаж хоёр асуудал хэлэлцэж 2026 оны улсын төсвийн гүйцэтгэлийн талаар сангийн сайд мэдээлэл хийж тодорхой санал дүгнэлтийг нэгтгэлээ.
Хоёрдугаарт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг УИХ-аас гарч УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг гишүүний ахалж байгаа хуулийн төсөлд санал дүгнэлтийг нэгтгэлээ.
Төсвийн нэгдсэн орлого 870 орчим тэрбумаар тасарчихсан байна. Төсвийн тэнцэл 1,4 их наядын алдагдалтай болчихсон байна. Гадаад дотоодын нөхцөл байдлаас хамаараад дизель түлшний үнэ нэмэгдэж, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн байна. Үүнийг дагаад аж ахуйн нэгжүүдийн орлого, айл өрхүүдийн санхүүд хүнд дарамтууд ирж байгаа. Аж ахуй нэгж, айл өрхүүдийн үйл ажиллагаа, орлогыг хамгаалах төсвийн бодлого хэрэгтэй байна.
Иймд ХҮН намын зөвлөл засгийн газрыг яаралтай “Татварын багц хууль”-ыг хаврын чуулганд өргөн барьж батлуулах шаардлага хүргүүлж байна. 2025 оны эцсийн байдлаар аж ахуйн нэгжүүдийн төлөх татвар 3,2 их наядад хүрчихсэн асар их татвар болон зээлийн дарамтад орчихсон явж байна” гэлээ.







